"Каса (가사歌辭-gasa) " жанрын онцлог

       Каса уран зохиол нь өгүүлэгч өөрийн амьдрал, сэтгэл хөдлөлийг шууд илэрхийлэн өгүүлдэг жанр төрөл болно. Каса (가사歌辭-gasa) гэсэн үг нь дуу-үг гэсэн ханзнаас бүрддэг. Мөр бадгийн хувьд тогтсон хязгаар байхгүй тул уртын дуу гэж нэрийдэх нь ч бий. Хэлбэрийн хувьд Шижу шиг хатуу дүрэмд баригддаггүй байсан учир хэн хүнгүй, олон янзын агуулгаар зохиодог байв. Ихэнхдээ хангыл үсгээр тэмдэглэгдэн үлдсэн учраас Хангыл уран зохиолын үндсэн хэв шинжийг хадгалсан гэж үздэг. Эрт үед зохиогдсон Каса-г аялгуулан дуулдаг байсан болов уу гэж таамагладаг хэдий ч ихэнхи эрдэмтэд Каса-г хөг ноотоор дуулахаасаа илүү уянгалуулан уншдаг байсан хэмээн үздэг. Энэ утгаараа ч Солонгосын эртний уянга дууны яруу найраг (고전시가)-ийн төрөл зүйлээс хөгжимөөс ангид цорын ганц төрөл зүйлд тооцогддог. Каса уран зохиолын үүсэл хөгжлийг Жусон улсын эхэн хагас үе (15-16-р зуун)-ийн болон хожуу үе (17-19-р зуун)-ийн гэж хуваан үздэг. Каса уран зохиолын өгүүлэгч нь өөрийнхөө амьдралыг шууд хүүрнэн өгүүлдэг. Энэ утгаараа Каса нь өгүүлэгчийн сэтгэл зүрхний цэвэр, шууд илэрхийлэл байж чаддаг. Үүгээрээ ч бусад жанр төрлөөс ялгардаг. Ялангуяа Кюүбан Каса (규방가사-Кюүбан гэдэг үг нь эмэгтэйчүүдийн амьдрах өрөөг хэлнэ.) буюу Эмэгтэйчүүдийн зохиосон Каса-гийн өгүүлэгч болоод сонсогч нь "Би" өөрөө байдаг. Өөрөөр хэлбэл өөрөө өгүүлж, өөрөө сонсох монолог хэлбэрээр өгүүлсэн байдаг. Өөрийнхөө байр суурийг өрөөл нэгэнд сонсгох гэсэн өгүүлэмжийн хэлбэрээс өөр юм. Эрэгтэйчүүдийн зохиосон Каса нь "Би-Бусдад" гэсэн хэлбэр бүхий өгүүлэмжтэй байдаг. Харин Эмэгтэйчүүдийн зохиосон Кюүбан Каса нь "Би-Өөртөө" гэсэн хэлбэр бүхий өгүүлэмжтэй байдгаараа их өвөрмөц онцлогтой. Энэ утгаараа Кюүбан Каса нь дотоод сэтгэлийн зөрчлийг ил тод харуулсан байдаг.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН