КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД


кино орчуулах тухайд
/Солонгос хэлнээс монгол хэл рүү.../


Кино орчуулга бол өндөр хариуцлага, чадвар, мэдрэмж шаарддаг ажил. Би туршлагатай кино орчуулагч биш ч тодорхой хугацаанд энэ салбарт ажилласаар ирлээ. Солонгос кино орчуулагчид бол залуу хамт олон. Тиймээс бидэнд сурах зүйл ч их байна. Ингээд Солонгос кино орчуулгын явцад ажиглагдсан зарим зүйлээ хуваалцахыг хичээлээ.
Өгүүлбэрийн бүтэц: Солонгос хэлний өгүүлбэрийн бүтцийн хувьд манайхтай төстэй боловч, ярианы хэлэнд бол ихэнхдээ ухрааж, тонгоруу ярьдаг. Жишээ нь: 무섭지도 않아 사람이 гэж ярьдаг, орчуулагч туршлага дутвал “Айхгүй байна уу, тэр хүнээс?” гэж орчуулж болох юм. Иймд монгол хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дарааллын дагуу “Тэр хүнээс айхгүй байна уу?” гэж өөрчлөх хэрэгтэй. Урт өгүүлбэр байх тусам, энэ зүй тогтолоо алдахгүй байхыг хичээх нь чухал. Магадгүй бидний /солонгос хэлний орчуулагч нар/ хамгийн их гаргадаг алдаа энэ байх.
Үг давталт: Солонгос хэлний онцлог гэх үү дээ... Нэг үгээ байнга давтаж хэлэх хандлагатай байдаг. Энэ тохиолдолд төстэй, ижил утгатай үгээр сольж орлуулбал арай дээр сонссогддог. Ялангуяа хараалын үг хэллэг! Киноны онцлогоос шалтгаалж, ам нээх болгондоо хараал урсгаад байдаг дүр байдаг. Яг нэг хараалыг дахин, дахин хэлээд байдаг. Энэ тохиолдолд, заримыг нь хасах, заримыг нь өөрчлөх зэргээр агуулга, амны хайрцаг, товшилтондоо тааруулаад явбал зүгээр санагддаг. Эфирт хамаагүй хараал хэлж болохгүй учир, түвшинг нь барьж өгөх хэрэгтэй.
Биеийн төлөөний үг: Солонгос хэлэнд биеийн төлөөний үгийг түгээмэл хэрэглэдэг. “ 사람 тэр хүн” гэх илэрхийлэл. Урт монолог явж байгаа тохиолдолд дунд нь тухайн хүний нэрийг нь хэлж өгөхгүй бол, яг хэний тухай яриад байгааг нь ойлгоход хүндрэлтэй болдог. Тэгэхээр “ 사람이 그러더라 тэр хүн тэгэж байна лээ” гэж байвал “Ууганаа тэгэж байна лээ” гээд нэрийг нь дурдаад өгвөл илүү ойлгомжтой болдог. Эсрэгээрээ, миний өөдөөс хараад “오가나가 그랬어? Ууганаа тэгсэн юм уу?” гэж байгаа бол, энэ үед мэдээж “чи/та тэгсэн юм уу” гэж биеийн төлөөний үгээр орлуулах нь тохиромжтой. Тэгэхээр ямар үед төлөөний үг хэрэглэх вэ?, Ямар үед нэр ус, албан тушаалыг нь оруулж өгөх вэ? гэдгээ бодолцох хэрэгтэй. Зарим тохиолдолд "하다 хийх" гэдэг үйл үгийг тухайн үйлийнх нь үйл үгээр орлуулах хэрэгтэй. Бүжиглэх юм уу? Тоглох юм уу? гэх зэргээр тухайн үйлдлийг тодотгож өгвөл агуулга ойлгомжтой болдог. Жишээ нь /노래 했어요?/ гэдгийг 했어요? гэж товчилж асууж байгаа тохиолдолд "хийсэн үү?" гэх биш "дуулсан уу?" гэж утгыг нь тодруулах хэрэгтэй. Энэ алдаа түгээмэл ажиглагддаг. 
Үйл үгийн төгсгөл: Солонгос хэлний онцлог болоод ч тэр үү, ихэвчлэн ярианы хэлэнд өгүүлбэрүүд нь “았/었/였-сан4” гэж төгсдөг. Урт текст явж байгаа үед бүх төгсгөлийг “-сан4” гээд төгсгөвөл тааламжтай сонсогддоггүй. Хэрэв бүгдийг нь “-сан4” гэж төгсгөвөл дуу оруулагч жүжигчин уншихад хүндээс гадна, таагүй сонсогддог. Ийм тохиолдолд хоёр жижиг өгүүлбэрийг нэг болгох, эсвэл өөр, өөр төгсгөх нөхцөл ашиглавал уншихад амраас гадна, чихэнд наалдацтай сонсогддог. “-лаа4, -жээ, -в гэх мэт олон янзаар төгсгөхийг хичээх хэрэгтэй. Монгол хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүн бол тухайн өгүүлбэрийн амин сүнс гэдгийг мартаж болохгүй.  
Богино өгүүлбэр: Солонгосчууд урт өгүүлбэрээр ярьдаггүй. Ихэвчлэн богино өгүүлбэрээр ярьдаг. Тиймээс зарим тохиолдолд холбох үг, нөхцөл ашиглан өгүүлбэрийг нийлүүлэх нь зүгээр байдаг. Ингэхдээ “ухрааж, тонгоруу ярьдаг” гэдгийг нь сайн анхаараад, локик алдаа гаргаж болохгүй гэдгээ ямагт санах хэрэгтэй.
 Хэлц үг: Солонгосчууд хэлц үг, өвөрмөц хэлц үгийг нэлээд ашиглаж ярьдаг. Хэлц үгийг яаж орчуулж байгаагаас нь тухайн орчуулагчийн чадвар харагдахаас гадна, орчуулгын донж гардаг болов уу гэж боддог. Хэлц үг орчуулахдаа, хам сэдвийн холбоос их чухал байдаг.
Хурдтай байх: За чухам кино студидэд ажил яаж өрнөж байдгийг мэдэхгүй ч, байнга л яаруулж байдаг. Хичнээн хурдтай орчуулагч байлаа ч 60 минутын киног 3-4 цаг сууж орчуулна. Мэргэжлийн үг хэллэг ихтэй, нутгийн аялга ихтэй бол илүү их хугацаа зарцуулна. Мэдээж орчуулагчаас эцсийн бүтээгдэхүүн хүсдэг тул, богино хугацаанд зөв орчуулах шаардлагатай болдог. Хүн өөрийнхөө алдааг төдийлөн анзаараад байдаггүй. Тиймээс маргааш өгөх ёстой гэвэл, урд өдөр нь орчуулгаа дуусгаад, хэсэг хугацааны дараа эргээд нэг уншвал, алдаагаа олж харахад илүү дөхөм байдаг. Иймд хэсэг ширээнээсээ холдоод, эргэж нэг уншиж засвар хийж байгаарай.
Мэдрэмж: Кино орчуулж байхад жаахан л анхаарал сарнивал, орчуулга эвдрээд явчихдаг. Жишээ “? Яагаад” гэдэг үг олон янзаар орчуулж болно. Яагаад? Яасан? Яав? Яачихав? Яах гэж гэх мэт. Тухайн дүрийн ааш зан, хэлж байгаа өнгөөс хамаарч өөрчлөгдөх тул анхааралтай, мэдрэмжтэй орчуулахыг хичээх нь зүйтэй. “자기야? 여보?” гэх үгийг дүрийн нас, ярианы өнгө аясаас нь хамаарч, “Ханиа?”, “Хөгшөөн? “Хайраа?”, “Хонгор оо?” гэх мэтээр орчуулж болно.
 Сэдвийн мэдлэг: Аливаа киног орчуулахаасаа өмнө ерөнхий агуулгыг нь уншиж мэдэх нь зүгээр. Ялангуяа түүхэн кино байх тусам, тухайн цаг үетэй холбоотой бусад мэдээллийг уншиж сэдвийн талаарх мэдлэгээ арвижуулснаар үг сонголт сайн болохоос гадна, орчуулгын түвшин дээшилж, орчуулгын ҮНЭН ЗӨВ-ийн зарчимд нийцэхэд дөхөм байдаг.
Амны хайрцаг, товшилт, үг сонголт: Уран зохиолын орчуулга бол тайлбар орчуулга хийх боломжтой байдаг. Харин кино орчуулгын хувьд амны хайрцгаас зөрж болохгүй, товшилтонд тааруулж, орчуулах шаардлага тавигддаг. Чухам үүнд л мэдрэмж, ур чадвар зайлшгүй нөлөөлнө. Кино орчуулагчдын нэг “зовлон” энэ байх...  Ялангуяа үндэсний хэв шинжийг хадгалсан үгийг донжийг нь олсон зөв, оновчтой үгээр хэлнэ гэдэг бас л амаргүй. Галиглах уу?, орлуулах уу?, үгчлэх үү? тайлбарлах уу? Амны хайрцагт тааруулах хэрэгтэй тул ихэнхдээ тайлбарлах боломжгүй. Энэ үед хам сэдвийн холбоо хамаарлаас шалтгаалж, нэг бол галиглаж, нэг бол орлуулах нь дээр байдаг. Зарим тохиолдолд амны хайрцагт тааруулахын тулд “оновштой орхилт” хийж бас сурах хэрэгтэй! Сул үг, нийлэмж үгийг орхих нь зүйтэй.
 Хамтрагч: Ялангуяа олон ангит кинон дээр хоёр орчуулагч хамтран ажиллах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд орчуулагчийн түвшин их чухал. Орчуулагчийн түвшин, чадвараас хамаарч үг сонголт, илэрхийлэлт, орчуулах чадварын ялгаа харагддаг. Ялангуяа түүхэн кино ханзны үг хэллэг ихтэй, толь бичгийн орчуулга харах боломжгүй. Энэ тохиолдолд, орчуулагчдын багийн ажиллагаа чухлаас гадна, нэг түвшиний орчуулагч нар ажиллабал зүгээр байдаг. Огт танихгүй орчуулагч нар нэг кинон дээр ажиллаж байгаа бол, дундын холбоос редактор хянамгай ажиллах хэрэгтэй.
 Эфирт гарсны дараа: Орчуулгад эцсийн бүтээгдэхүүн гэж байдаггүй гэдэг. Орчуулга байнга л засвар орж шинэчлэгдэж байдаг. Гэвч кино орчуулга энэ тал дээр хязгаарлагдмал юм шиг. Тэр бичлэг архив болон үлдэнэ. Алдаагүй орчуулга гэж ховор болов уу... гэхдээ юун дээр алдсанаа олж харж чаддаг байх ёстой. Орчуулсан киногоо эргээд үзэхэд цаашдаа анхаарах зүйлс гардаг. Тухайлбал, дуу оруулагч жүжигчин орчуулгыг яаж ойлгосон байна?, хэр наалдацтай сонсогдож байна?, үг сонголт, үг давталт ямар байна?, холбох болон төгсгөх нөхцлийг яавал зүгээр байна? гээд олон асуултын хариултыг хэлж өгдөг юм шүү.
Эцэст нь хэлэхэд, орчуулга бүр өөрийн онцлогтой бас яг ингэх ёстой гэж хайрцаглах боломжгүй юм. Кино орчуулга гэдэг чадвараас гадна мэдрэмж их шаарддаг. Дөнгөж эхэлж байгаа орчуулагч нартаа зоригтой, бас хөдөлмөрч байхыг хүсмээр байна. Хичээж хийх тусам өөрт тань туршлага болон үлдэх болно. Өндөр хариуцлага үүрч яваа кино орчуулагч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Хамтдаа хичээцгээе. Орчуулагч таны үг нь оновчтой, найруулага нь яаруу байг ээ. 


Comments

  1. Бахархал минь чамдаа амжилт хүсье ээ

    ReplyDelete
  2. Чамаараа бахархахын ялдамд орчуулгын ажилд нь улам их амжилт хүсье ээ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН