Солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиол (Чөньги үргэлжилсэн үгийн зохиол)

За даа юм бичээгүй нэлээн удчихлаа. Энэ удаад солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиолын талаар жаал үзье. Солонгосын эртний үргэлжилсэн үгийн уран зохиолыг Шиллагийн сүүл үе, Курёгийн эхэн үеэс авч үздэг. Өөрөөр хэлбэл Чөньги(전기)үргэлжилсэн үгийн зохиол юм. Чөньги гэдэг нь 傳奇 буюу "хачин жигтэй явдлыг өгүүлэх нь" гэсэн утга бүхий үг юм. Тухайн үед Тан улсад ихэд дэлгэрч байсан уг төрлийн бичвэрийн хэлбэрийг Курё улсын сэхээтэн давхрагынхан өөрсдийн үлгэр домогтой уялдуулан зохиох болсноор тухайн үед Чөньги үргэлжилсэн үгийн зохиол дэлгэрэх болжээ. Эхэн үеийн буюу 15 р зууны үеийн уг төрлийн бичвэрийг үргэлжилсэн үгийн зохиол гэж үзэх үү, домог үлгэр гэж үзэх үү гэдэг нь нэлээн эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн шинж байдал ихээхэн ажиглагддаг байна. Ид оргил үе нь 17 зууны үеийнх бөгөөд '주생전', '최척전', '운영전'ыг дурдаж болно. Чөньги үргэлжилсэн үгийн уран зохиолын хэв шинжийг цухас дурдваас: 1. Ханз үсгээр бичигдсэн 2. Хятад шүлэг, захиа, гашуудлын үг зэрэг шүлэглэсэн хэв магятай 3. Солонгос эртний бусад үргэлжилсэн үгийн уран зохиолоос ялгаатай нь зохиолын үйл явдал Хятадад биш Солонгос(Курёгийн сүүл)д болдог. Бусад бүх эртний үргэлжилсэн үгийн зохиолын үйл явдал Хятадад болж буйгаар дүрслэгдсэн байдаг. 4. Гол баатар нь ид залуу насны баатрууд байдаг ба ихэвчлэн бодит байдлыг тусгаж хүлээж авч чадахгүй байгаан улмаас уйтгар гунигт автсан байдлаар дүрслэгдсэн байдаг. Курёгийн сүүл үе гэдэг нь гадны довтолгоо(Монгол долоон удаа довтолсон байдаг)ихтэй үймээн самууны цаг. Ийм цаг үед уйтгар гунигт автсан гол дүрийн баатруудад маань аялал хийх юмуу хайр дурлалын асуудлаар жаахан ч болов уйтгар гунигаасаа салах боломж олддог. Гэхдээ энэхүү боломж нь бодит амьдрал дээр буй болж буй явдал биш бөгөөд хий хоосон ертөнцөд өрнөнө. Чөньги буюу "хачин жигтэй явдлыг өгүүлэх нь" гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Гол дүрийн баатрууд Лусын орон, эрлэгийн орноор аялж, сүг чөтгөртэй хайр дурлалын харилцаанд ордог. 5. Зохиолын төгсгөл их онцлогтой. Гол дүрийн баатрууд уйтгар гунигаас салж аз жаргал амталсан явдал нь хий хоосон зүйл, бодит явдал биш гэдгийг ойлгосноор эргээд шаналалд автдаг. Тиймээс Чөньги үргэлжилсэн үгийн зохиолыын төгсгөл нь гол баатруудын үхлээр дүрслэгдсэн байдаг. Ихэвчлэн үхэлд хүрэх юмуу ор сураггүй алга болох, "хаана юу хийж яваад насан эцэслэснийг хэн ч үл мэднэ буй за" гэх зэргээр уг төрлийн зохиол төгсдөг онцлогтой. Бодит амьдрал дээр эдлэж болохгүй тэрхүү эрх чөлөөг Чөньги үргэлжилсэн үгийн зохиолоор дамжуулан тухайн үеийн бичгийн сэхээтнүүд хий хоосон ертөнцөд, зүүдний ертөнцөд болж буйгаар хүүрнэн өгүүлсэн нь тус жанр төрлийг үүсгэжээ.Гэхдээ уг төрөл жанр нь хятад, ветнам, япон зэрэг ханз бичгийн утга зохиолд түгээмэл тархсан төрөл жанр болно.

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН