СҮГХЯН АВХАЙН ДУУЛЬ

Сүгхян авхай зовлон бэрхшээлийг туулан явахдаа
өөрийн урд насны амьдралаа мэдсэн нь
 
 
Ким Жөнь нь Сун улсын цэцэн мэргэн, авьяас билигтэний нэг байлаа. Тэрбээр нэг өдөр өөрийн андтайгаа уул усны сайхныг шагшин магтсаар буцах замдаа нэгэн загасчинд баригдан үхэхийн даваан дээр ирсэн яст мэлхийн амийг аврав. Дараа жил нь Ким Жөнь Тонжөнхуд андтайгаа уулзаад буцах замдаа үерт амиа алдахаа дөхөхөд мөнөөх амийг нь аварч өгсөн яст мэлхийн тусламжтайгаар эсэн мэнд гарав. Ким Жөнь нь Чанхой гэгчийн охинтой ураг барилдан нэгэн охинтой болж, улмаар Сүгхян хэмээн нэрийдэв.
 
Сүгхян өсч торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэнд цэцэгс хүртэл гудайж, илчит нар цацрагаа гээх ажээ. Морьтой нь бууж хармаар, явган нь сууж хармаар үзэсгэлэн гоо нэгэн болов. Зан төлөв нь балчир хүүхдээс энгүй өөр байсанд Ким Жөнь гэр бүлийн хоёр ихэд харамлан хайрлаж, ахар богино наслах вий хэмээн битүүхэн дотроо түгшин тэнгэрийн дор цуутай үзмэрч Ван Гюүнийг зорин очиж төрх байдлыг нь шинжүүлэн төлөг буулгатал:
“Энэ хүүхэд эгэл жирийн нэгэн биш. Саран авхай[1]-н эрч хүчийг аван мэндэлсэн тул урд насны гэм нүглээ энэ амьдралдаа төлж барсаны хойно сайхан цагтай золгоно. Амьдралын эхэн үед саат тотгор тохиолдох ч гэлээ хожмоо сайн сайхан явна.” хэмээн тайлахад Ким Жөнь өгүүлрүүн:
“Хожмын өдрийн сайн мууг хэлж мэдэхгүй ч, эхэн үед бид эсэн мэнд байх бус уу, юунд зовж шаналах билээ?” гэхэд Ван Гюүнь чангаар инээн:
“Хүний хувь төөргийг урьдчилан хэлэхийн аргагүй бус уу. Авьяас билиг дорой мөхөс би хүүхдийн зураг төөргийг үзвээс таван настайдаа эцэг эхээсээ хагацаж, гэр оронгүй хэрэн тэнүүчилж явсаар арван гуравтайдаа таван удаа үхлийн аюултай тулгарч, арван долоотойдоо авхайд өргөмжлөгдөж хорин насандаа эцэг эхтэйгээ уулзан амар амгалан амьдарч, далан нас зоогловол эргээд тэнгэрт одох заяа төөрөгтэй буй” хэмээв.
             Эл үгэнд Ким Жөнь гэр бүлийн хоёр итгэж ядан ихэд эргэлзэн нэр ус, нас жилийг нь алтан үсгээр бичиж торгоор баринтаглан хувцаснаас нь зүүж өгөв. Чингэтэл Сүгхян таван нас хүрдэг жил цаг самуун болж эсрэг талынхан Хёнчо[2] руу халдан довтлоход ардууд гүн ой руу дүрвэн дайжив. Ким Жөнь ч мөн адил гэрийхнийгээ дагуулан Каннын газар луу хөдлөв. Гэвч зам зуурт дайсантай тулгарч, эд зүйлээ дээрэмдүүлж, харьяат албатуудаа алдаж, эхнэр охиноо үүрэн үхэхийн наахна амь мултран зугтаан гарав. Дээрэмчид улам бүр ойртон ирэхэд Ким Жөнь хамаг тэнхээгээ шавхсан хэдий ч зугтаж гарахын аргагүй байв. Тэрээр үнэн сэтгэлийн угаас Чан овогтод өгүүлрүүн:
             “Дээрэмчид юу юугүй гүйцэж ирэх нь ээ. Хамаг тэнхээ барагдав. Хоёулаа эсэн мэнд үлдэж чадваас дахин Сүгхян лугаа үр хүүхэд заяах биз. Харин хоёул нүд анивал энэ биеийг хэн гардаж, хоёр буурлын тахилыг хэн нь өргөх билээ? Хэрхэвч байж боломгүйн дээр элэг эмтрэм хэдий ч Сүгхяныг энд орхиод хэсэгхэн хугацаанд зайлан зугтаж, дайснууд одсоны хойно эгэн ирж дагуулж явмуй” гэхэд Чан овогт нулимс юугаа мэлмэрүүлэн өгүүлрүүн:
             “Би Сүгхяны хамт үхэх тул биднийг бүү хайхар. Түрүүлээд үймээн самуунаас дайжиж, маргаадар эгэн ирж охин бид хоёрын хэлхээ ясыг цуглуулж болгооно уу” хэмээхүйд Ким Жөнь чанга дуугаар гашуудан уйлж өгүүлрүүн:
             “Хар амиа бодоод яахин чамайгаа орхих билээ? Тэгсний оронд хамт үхэж сүнсээрээ учрах минь” гээд суучихаад боссонгүйд Чан овогт уйлан өгүүлрүүн:
             “Таны үг зөвд нийцэхгүй. Эр хүн, бидний мэт эхнэр хүүхдийг хаанаас ч олж чадах бус уу. Алт мэт амь биеэ мөхөс бидний төлөө юунд золиослоно вэ? Хурдан дайжин зугтаж болгооно уу” гэхэд Ким Жөнь уйлан, үсээ задгайлж үхэхийг завдахуйд Чан овогт уйлан хайлан байж:
             “Та ийн хэлж буй бол охиноосоо түр хагацая” гээд Сүгхяныг хадны завсар суулгаад хаш чулуун хос бэлзэгийг хувцасны бүчинд нь тогтоогоод аяга дүүрэн идэх зүйл өгөөд өгүүлрүүн:
             “Түр энэ газартаа байж бай. Гэдэс нь өлсвөл үүнийг ид. Ам нь цангавал тэр уснаас уу. Бид маргаадар чамайг авахаар ирнэ” гээд хацрыг нь үнэрлээд нулимс дуслуулан холдож үл чадан хорогдон байтал Сүгхян ээжийнхээ хормойноос зүүгдэн уйлж:
             “Ижий минь, охиноо орь ганцаар орхиод хаа одох нь вэ, би хамт явмуй” гээд даган гүйлээ. Энэхүү өр өвдөм байдлыг харсан чөтгөр хүртэл сэтгэлдээ хайлан уяран буй мэт тэнгэр бүдийх ажээ. Ким Жөнь эхнэр нөхөр хоёр ихэд гуниглан уйлж:
             “Охин минь, уйлалгүй чимээгүй суу. Чимээ гаргавал дээрэмчид ирээд алж мэднэ” гээд эргээд хартал дээрэмчид юу мөдгүй дөхөөд ирсэн байв. Ким Жөнь харамсан халаглан Чан овогтын гараас барин ойн гүн лүү зугттал, Сүгхян чанга гэгчийн дуугаар:
             “Ижий минь! охиноо ингээд орхиод одно гэж үү. Маргаадар заавал эгэн ирээрэй” хэмээн уйлан хоцров. Түүний царайг зовнил гуниг бүрхсэн байлаа. Ким Жөнь гэр бүлийн хоёр зугтан гүйх зуураа аминчлан гуйх Сүгхяны хоолойг сонсоод зүрх зүсэгдэх мэт болж, элэг эмтрэн нулимс мэлмэрүүлэн явахуйд урдах зам харанхуйлж хөл мэдэн гүйхийн аргагүй байв.
             Энэ зуур дээрэмчид Сүгхяныг хараад:
             “Эцэг чинь хаа одсоныг түргэн хэл. Эс бөгөөс алж орхино” гэвээс Сүгхян:
             “Намайг орхиод зугтсан хойно, хаа одсоныг хэрхэн мэдэх билээ?” гэхэд дээрэмчдийн нэг ихэд уурсан алахаар завдтал нөгөө нь болиулж:
             “Эцэг эхдээ хаягдаж өлссөндөө уйлж буй хүүхдийг юунд буруутган хороох вэ. Төрх байдлыг нь ажваас алсдаа эрхэм хүн болох тул гар бүү хүр. Энд орхивоос гарцаагүй чоно нохойн хоол болох буй” гээд үүрэн явж өртөө тосгонд үлдээгээд:
             “Надад чам лугаа адил хүүхэд буй. Өр өвднөм. Чамайг орхиод одсон эцэг эхийн чинь сэтгэл ямар олигтой байхав” гээд явав. Сүгхян хаашаа явахаа мэдэхгүй ээжийгээ дуудан уйлж явлаа. Энэ байдлыг харсан хэн бүхэн нулимс дуслуулахгүй байхын аргагүй ажээ.
             Төд удалгүй харуй бүрий болж хүний хөл тасрав. Ходоод нь хонхолзож хаашаа явахаа мэдэхгүйн учир бут сөөгөн дунд суун дэмий л хоолойгоо сөөтөл эхийгээ дуудан уйлан суув. Чингэтэл нэгэн бич, болсон мах нэг бүхлийг өгсөнд түүнийг идээд гэдэс гарав. Намрын эхэн сар тул шөнөдөө жихүүн салхитай байв. Сүгхян даарч бээрсэн хөлөө гараараа дулаацуулан уйлж суутал хаа нэгтээгээс өрөвтасын сүрэг нисэн ирж далавчаараа Сүгхян охины биеийг хучиж дулаацуулах ажээ.
             Сүгхян үүр цайтал эхийгээ хүлээн уйлж суулаа. Чингэтэл нэгэн шаазгай нисэн ирж өвдөг дээр нь бууж суух нь тэр. Иймд Сүгхян охин нулимс дуслуулан мөнөөх шаазгайг даган уул толгод давсаар нэгэн тосгонд хүрч очлоо. Охин бас л эцэг эхээ хайн дуудан уйлав. Эл байдлыг харсан хүмүүс түүнийг ихэд өрөвдөн:
             “Яахын аргагүй, үймээн самууны дунд эцэг эхээсээ хагацсан хүүхэд буй” гээд хоол унд илүүчлэв. Түүний өрөвдөлтэй царайг хараад өсгөж тэжээх сэтгэл байвч өөрсдөө хүртэл дайжин зугтах тул үймээн дунд охиныг үлдээхээс өөр аргагүй нь  юутай гачлантай вэ.
             Энэ зуур Ким Жөнь Чан овогтыг ойн дунд нуугаад шөнө сэмхэн буун ирж Сүгхяныг хайсан боловч ямар ч ул мөргүй байв. “Яахын аргагүй амиа алджээ” хэмээн орь дуу тавин уйлсаар эхнэртээ энэ тухайгаа хэлтэл, үүнийг сонссон Чан овогт ухаан алдан унахад Ким Жөнь түшин авч өгүүлрүүн:
             “Сүгхян нас бага тул хол яваагүй болов уу. Амиа алдсан аваас цогцос нь ч болтугай байх ёстой бус уу. Ямар ч ул мөр алга. Тиймээс осолдохгүй нэг нь дагуулж явснаас зайлахгүй. Урьдны Ван Гюүний хэлсэн үг гарцаагүй үнэн буй, иймээс хэтэрхий сэтгэлээр унах хэрэггүй” гэхэд Чан овогт орь дуу тавин уйлж:
             “Охин минь нүдэнд харагдаж, хэлсэн үг нь чихэнд сонсогдож байхад яахан гунигаа тэвчих билээ?” хэмээн өдөр шөнөгүй уйлахад цусан нулимс мэлмэрэх ажээ.
 
Сүгхян айл хайж унаж тусан бядчин явахдаа хөх шувууны заавраар уул даван нэгэн ордонд хүрч очив. Тэрхүү газар нь үхэгсэдийн дараахь үйлийг заагч газар байв. Тэнд Сүгхян газар орны эзэн савдагтай уулзан өөрийн урд насны гэм нүглийг мэдэж авав. Мөн Чан сайдын гэрт очин амьдар гэсэнд охин буга унан Чан сайдын гэрийн баруун уулнаа хүрч очив.
 
             Нэгэн өдөр сайд болон эзэгтэйн зүүдэнд нэгэн дагина үүлэн дундаас буун ирж анхилам цэцэг өгөөд:
             “Урд насны гэм нүглийн үрээр үр хүүхэдгүй болжээ. Өөрийн бус бусдын буруугаас уйтгар гунигт энэлэн шаналам тул энэ цэцгийг өгье. Сайн хадгалаарай. Удахгүй баярт явдал тохиолдох буй за” гээд замхран алга болов. Эзэгтэй сэрээд зүүдээ сайдад хэлвээс тэрээр:
             “Би мөн адил тийн зүүдэллээ. Үр хүүхэдгүйдээ өдөр болгон энэлэн шаналах бидний сэтгэлийг дээд тэнгэр ивээж үр хүүхэд хайрлах гэж буй биз. Харин бид зуугийн талыг наслав. Хэрхэн хүүхэд гаргах билээ?”
             Тийн гунигт автан нулимс дуслуулсаар асар луу гарахад гэнэт баруун уулнаа үүл татаж эгэл бус анхилуун үнэр хамар цоргиоход сайд ‘Намар цаг учир үүлэн солонго татах учиргүйн дээр цэцэг навч дэлгэрэх цаг биш байлтай, хаанаас ийм содон анхилуун үнэр гарна вэ’ хэмээн амандаа бувтнаад хулсан таяг тулан баруун уулнаа гарч чимээ анир тавин алхлав. Цээнэ цэцгийн мод цэцэг навчаар алаглан байваас тэр дунд нэгэн охин сууж байх ажээ. Үүнийг харсан сайд магнай тэнийн баярлаж, баярт мэдээгээ эхнэртээ хэлэхээр албатаа дуудав. Эл дуунаар охин гэлмэлзэн уйлваас сайд:
             “Энэ шигүү ойд юун хүүхэд ийн уйтгарлан сууна вэ? Нэр хэн бэ. Эцэг эх чинь хэнсэн билээ?” гэвээс Сүгхян:
             “Намайг Сүгхян гэдэг. Эцэг эхийнхээ алдар нэр, хэт нутгийг хэлж мэдэхгүй. Ээж маань намайг хаданд дунд суулгаад дараа өдөр ирж авна гээд одсон буй. Адагт нь ирсэнгүйд хаа хандахаа мэдэхгүй, хандсан зүгтээ гэлтэрч явлаа. Харин азаар нэгэн араатанд сундлуулан энэ газарт хүрч ирэв” гэвээс сайд:
             “Үймээн самуун дунд эцэг эхээ алдсан байх нь ээ” гэв. Сайдын гэргий Сүгхян охины царайг хармагцаа мөнөөх зүүдэнд үзэгдсэн дагинатай тун чиг адил байсанд ихэд баясан сайдад өгүүлрүүн:
             “Энэ охин тэнгэрээс бидэнд хайрласан хишиг тул сайн харж хандан өсгөе” гээд охиныг элгэндээ тэврэн уулнаас бууж цай унд уулган, хувцас хунарыг нь солиод төрсөн үр лугаа хайрлан өсгөв. Сүгхян охин долоо нас хүрэх цагт үзэсгэлэн гоогоороо хэнбуйгайг ч урдаа гаргахгүйн дээр, мэдэхгүй ном, чадахгүй хатгамал гэж үгүй нэгэн болсонд сайдын гэргий улам ч их хайрлах болов.
             Сүгхян охин арван гурван нас хүрэх цагт гэрийн ажил даатгаж өгөв. Сүгхян ч чин сэтгэлийн угаас эхнэр нөхөр хоёрыг тэтгэн асарч, албат зарц гэлтгүй найрсаг хандаж, бүхий л зүрх сэтгэлээрээ тахил өргөж байлаа. Насанд хүрсэн хүн ч тийн хийхгүй буй за. Эхнэр нөхөр хоёр охины үйл үйлдэл бүрийг ажин хараад өөрийн зиндааны удам угсаа сайтай айлд бэр оруулж хожмын хэргийг даатгахаар болцгоов.
Зарц шивэгчид Сүгхян охинд мөчөөрхөлдөн сэм атаархах болов. Тэр дунд Сахян гэгч шивэгчин илүүтэй атгаг санаа өвөрлөх ажээ. Бүх ажлыг Сүгхян гардах болсноос хойш Сахян гар хоосон үлдсэндээ гоморхож байнга л Сүгхяныг хорлох арга сэдэх болов.
             Арван таван нас хүрэхэд Сүгхян улам л өнгө зүс шингэрч, үйл хэрэг нь өдөр бүр ахиж байлаа. Иймд сайдын гэргий нөхөртөө хэлж, буянтай өгөөмөр айлд бэр оруулахаар шийдэв. Чингээд гурван сарын гуравны өдөр Сүгхян эхнэр нөхрийн хамт Ёнчүндан луу өгсөн гарч хаврын үзэмжийг мэдэрч, найр наадам хийв. Чингэтэл үдшийн цагт нэгэн шаазгай Сүгхяны өмнө ирж шагширахад охин ихэд гайхан сайдын гэргийгээс асуусанд:
             “Энэ лав сайны зөн биш” гэв. Сайд төлөг тавьснаа:
             “Угтаа бол чамд сайнгүй зөн буй” гэсэнд сайдын гэргий ихэд санаа зовнин, найр наадмын үеэр олигтой ч хөгжилдөж чадалгүй өнгөрөв. Энэ өдөр Сахян шивэгчин эзэгтэйн унтлагын өрөөнд орж гарьд сийлсэн үсний хатгуур, сайдын тонгорогыг хулгайлан авч, улмаар Сүгхяны авдранд хийн нуув. Чингээд гурван хоногийн дараа эзэгтэй тосгоны цэнгүүнд явах болж мөнөөх гарьд сийлсэн үсний хатгуураа хайтал тавьсан газартаа байсангүйнд ихэд гайхан хувцасны шүүгээг онгичин хартал сайдын тонгорог бас алга байв. Ихэд цочирдон гайхсан эзэгтэй зарц нараа дуудан байцааж гарав. Энэ үед гаднаас Сахян юу ч болоогүй мэт царайлан орж ирээд эзэгтэйд хандан:
             “Юу болоод ингэж их чимээ шуугиантай байгаа билээ?” гэсэнд Эзэгтэй:
             “Өмнөх хааны үед улсаас өгсөн хаш чулуун тонгорог, гарьдын алтан сийлбэр бүхий үсний хатгуур болбоос манай гэрийн үнэт баялаг. Хөл ороод явчихгүй, яахын аргагүй зарц нар авснаас гарцаагүй” гэхэд Сахян эзэгтэй рүү алгуур дөхөн очоод:
             “Эртээр Сүгхян таны унтлагын өрөөний энэ тэрийг онгичиж байснаа ямар нэгэн юм нуун өрөөндөө орох нь харагдсан буй. Тэр л авсан болов уу” гэсэнд Эзэгтэй:
             “Сүгхян хад чулуу мэт шударга нэгэн, юунд надаас нуун авах билээ” гэхэд Сахян дахин:
             “Урьд нь тэгж байгаагүй хэдий ч, сүүлийн үед хурим найр яригдах болсноос хойш эд хогшил цуглуулах гэж хичээх болсон буй. Учир тэр үү ойлгомжгүй явдал их гарч буй билээ. Ноёнтон эзэгтэй хоёр түүнийг тэгтлээ их хайрлан буйд зарц нар яахан аймшиггүй өчиж зүрхлэхсэн билээ.”
             Эл үгийг сонссон эзэгтэй хардах сэтгэл өвөрлөж Сүгхяны өрөөнд орон ийн асуув.
             “Мэр сэр зүйл алга болов.  Өрөөнд чинь байна уу хараад орхи” гэсэнд Сүгхян:
            “Би аваагүй атал яахан миний өрөөнд байх билээ?” гээд авдар саваа нээн эзэгтэйд харуултал хатгуур, тонгорог байж байх нь тэр. Үүнийг харсан эзэгтэй ихэд уурсан:
             “Чи аваагүй бол хэрхэн авдранд чинь орчихдог билээ?” гээд үсний хатгуур, тонгорогоо аваад шуудхан сайд руу очин ийн асуув.
             “Бид Сүгхяныг язгууртны хүүхэд хэмээн төрсөн үрээс өөрцгүй өсгөсөн байтал бусдын адил байж. Үйлдэл нь туйлбаргүйн дээр биднийг хуурч таны тонгорог, миний гарьд сийлсэн үсний хатгуурыг өрөөндөө нууж байсныг сая мэдэв. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэвээс сайд мөн адил ихэд гайхан:
             “Алтан гарьд бүхий хатгуурын тухайд эмэгтэй хүний гоёл тул бүсгүй хүн авахыг хүссэн биз. Гэвч тонгорог авсны учрыг үл ойлгоном. Учир битүүлэг тул нухацтай бодож үзье” гэвээс Сахян хажуунаас нь:
             “Сүгхян сүүлийн үед өөр болсон билээ. Хатгамал шидэж захидал бичин гадагшаа хүнд дамжуулахаас гадна шөнө үдшийн цагаар танихгүй хүн орж гарах болсон. Ямар учиртайг нь таашгүй”
             Эл үгийг сонссон сайд дүрсхийн уурлаж:
             “Нас биенд хүрч гадны хүнтэй холбогдох болсон буй. Энэ чигээр нь гэртээ байлгах аваас ямарваа нэгэн муу зүйлд өртөж мэднэ, нэн даруй явуул” гэв.
             Эзэгтэй Сүгхяны өрөөнд ортол охин байдгаараа уйлчихсан, нулимсанд нь хувцасных нь зах норчихсон сууж байв. Эзэгтэй загнан ийн хэлэв.
             “Үр хүүхэдгүйдээ энэлэн шаналан суухдаа чамайг олж өнгө зүс, үйл хөдлөл нь энгийн бус байсанд гарцаагүй язгууртны үр удам хэмээн бодон төрсөн үр шигээ хайрласаар ирсэн буй. Тийм дээ ч гэрийн бүх ажлыг даатгаж бидэнтэй адил угсааны айлд бэр оруулж хожмын явдлыг даатгах гэж байсныг чи сайн мэдэж буй биз. Манайх хэдийгээр боломж бололцоо муу ч гэлээ хэдэн мянган зарц шивэгчин, мянга гаруй тариалангийн талбай, алт мөнгө авдар авдраараа буй бус уу. Энэ зэргийн хөрөнгө чиний амьдралд хангалуун биш гэж үү? Хатгуур, тонгорог авмаар буйгаа надад хэлсэн бол би татгалзахгүй өгөх л байсан. Хатгуурын тухайд чимэг зүүлт тул авахад буруудахгүй. Харин тонгорогыг хэнд өгөх гээ вэ? Бид наснаас хальж одохын цагт энэ бүх эд хэнийх болох вэ? Хэдийгээр би чамд дэндүү дассан ч сайд тэгтлээ уурлаж байхад яах ч арга алга. Өмсөж байсан хувцас, хэрэглэж байсан эд хогшилоо аваад ойролцоо зарцын гэрт түр хорогдож бай. Сайдын уур гарвал дагуулахаар очимз” гээд шаналсан сэтгэлээ барьж чадалгүй урсгах нулимс нь бороо лугаа байх ажээ. Сүгхян хоёр удаа мөргөөд гунигт автсан нулимст нүдээр:
             “Сүгхян би, урд насны нүглийн үрээр таван настайдаа эцэг эхээ алдаж очих хаяггүй хэрэн тэнэхдээ гуниг шаналал, нулимсан дунд өдөр хоногийг өнгөрүүлсэн билээ. Гэтэл тэнгэр ивээж нэгэн бугын ачаар баруун уулнаа буусанд та хоёр намайг туйлын их өрөвдөж торгон хувцас тансаг хоолонд умбуулж төрсөн үр лугаа хайрлан өсгөсөн буй. Эм би бодохнээ, та хоёрыг насан туршдаа хайрлан халамжилж, өөд болсны хойно ч гэсэн сэтгэлийн угаас тахил өргөж, энэ бие шороонд орлоо ч та хоёрыг хүндэтгэн хайрлаж, тэнгэр мэт ивээлийг тань хумсын төдий чинээ ч болтугай хариулахыг сэтгэлдээ тээж явлаа. Гэтэл яахин тэнгэр мэт өгөөмөр эзэгтэйг хуурч юу юугүй тэнгэрийн гэсгээл хүртэх хэрэг тарих билээ. Энэ яахын аргагүй атаач нэгний хутгасан хэрэг буй. Намайг хорлох гэсэн хар муу санаа болов уу. Эс бөгөөс хий хуварга өрөөнд тавьсан биз. Энэ бие зуунтаа үхсэн ч, тийн зүрхлэн худал өчихгүй. Нүдний тань өмнө үхвэл дорд эмийн гэдсийг хүйлж гудамжинд өлгөнө үү. Хэрэвзээ ирж очих хүмүүс хилсээр гүтгэгдсэн гэдгийг мэдэх аваас тэр үед энэ тавилангаас ангижирч нөгөө ертөнцөд нүд аних буй за.”
             Ийн тэнгэр өөд цухиран уйлан амиа егүүтгэх гэв. Эзэгтэй Сүгхяны үг хэл, царайг ажин хартал ямар ч хувиралгүй чин үнэнчээр тэнгэр өөд залбиран гуйж байв. Түүний үг бүр нь үнэн зөв байсанд эзэгтэй ухаарч, хэн нэгэн хор хутгасан байх вий хэмээн сэжиглэхийн зэрэгцээ амиа егүүтгэх вий гэж санаа зовнин:
             “Чиний үг зөв. Энэ байр байдлыг чинь сайдад нэг бүрчлэн сайтар тайлбарлавал бухимдал нь арилах биз. Юунд ч бүү санаа зов” гэвээс Сүгхян эл үгэнд уяран хайлж нулимс дуслуулан өндийн талархал илэрхийлтэл гаднаас Сахян орж ирээд сайдын үг хэмээн худал өчив.
             “Сүгхяны үйл хөдлөл сэжиг бүхий байтал одоо болтол юунд байлгана вэ? Нэн даруй хөөн гарга!” гэвээс эзэгтэй эл үгийг сонсоод өөрийгөө буруутган нулимс унаган өгүүлрүүн:
             “Сайд тийн бухимдаж буй тул тайтгартал гадуур зарц шивэгчний гэрт хоноглож бай. Шөнө сэм очих тул хаттай байж биеэ хорлохыг санаархалгүй хүлээж бай” гэвээс Сүгхян сөгдөн мөргөөд өгүүлрүүн:
             “Мөхөс надаас болж сайдад зэмлүүлэх нь буй. Энэ гэм нүглийг мянгантаа үхээд ч төлж барахгүй буй за” гэхэд эзэгтэй Сүгхяны гарыг атган уйлан өгүүлрүүн:
             “Ийм байдалд хүрсэн нь сайдад очиж хэлсэн миний гэм буй” хэмээн халаглав. Энэ үед мөн л Сахян сайдын амыг зээлж эзэгтэйд айлтгаруун:
             “Сүгхяны байр байдал тогтворгүй тул хэрэв гэрт үлдээвээс хожмоо гай барцад тулгарч эцэст удам судраараа муу хэлэгдэх буй за. Иймд үтэр түргэн хөөж нэн даруй буцаж ир’ хэмээв” гэв. Үүнд Эзэгтэй улам их шаналж сэтгэлээ барьж дийлэхгүй нулимс асгаруулан байж Кымхян гэгч зарцыг дуудан Сүгхяны өмсч байсан хувцас, эд хэрэгсэлийг гаргаж өг гээд гаслан уйлав. Эл байдлыг харсан Сүгхян:
             Урд цагт Ёнчүньданд байхад үдшийн цагаар шаазгай өмнө минь ирж гурвантаа шагширахад “Тэнгэр гэсгээж ямар гай тохиох бол” хэмээн бодож байлаа. Гэтэл санаандгүй ийм ээдрээт асуудалд орооцолдсон тул Тэнгэр намайг гэсгээх гэснийх биз. Яахин тэнгэрийн санааг зөрөх билээ. Хувцас, эд зүйлсээ орхилоо ч төрсөн эх минь дорд эмээс хагацах үед өгсөн хаш чулуун эрдэнийн хос бэлзэгийг амьсгал тасартлаа биедээ байлгамаар байна. Нөгөө ертөнцөд эцэг эхтэйгээ уулзах үед учир байдлыг хэлье” гээд харамсан уйлтал эзэгтэй энэ байдлыг харан ихэд өрөвдөн ум хумгүй сайд руу гүйн очиж ийн асуув.
             “Мөхөс би тунгаан бодохуйд, урд цагт хан гарьдын сийлбэр бүхий хатгуур, мөн таны тонгорогыг Сүгхяны өрөөнд барьж орон манай гэрийн эд баялаг хэмээн гайхуулан орхиод гарснаа саналаа. Ямар ч гэмгүй Сүгяхныг хулгай хийсэн хэрэгт гүтгэн хэл ам дэгдээн  хөөх дээрээ туллаа. Гэтэл үнэхээрийн өр өвдөм буй. Энэ бүгд дорд эм миний хийсэн хэрэг тул та өршөөж болгооно уу” гэвээс сайд өгүүлрүүн:
             “Сахян ирээд эзэгтэй Сүгхяны үйлдэлд ихэд ундууцан нэн даруй хөөх гэж байна гэхэд хүслийг чинь болгоож үтэр түргэн хөөхийг тушаасан буй. Гэтэл юу ярих нь энэ билээ? Бодол минь ийм тул эхнэр өөрийн дураар гүйцэтгэнэ үү” гэхэд эзэгтэй магнай тэнийн баярлаж энэ тухайгаа Сүгхянд хэлэхээр завдтал сайд түр зогсоогоод өгүүлрүүн:
             “Шөнө зүүдэнд тоорын улаан модны мөчир хугарсанд тоть сочин нисэх нь харагдсан буй. Юуны ёр юм, өнөөдөр бүрий болтол ямар нэгэн зүйлээ алдсан мэт санагдана. Сэтгэл нэг л тавгүй тул сэтгэл сэргээм сайн сархад авчирч өгнө үү” гэв.
             Эзэгтэй шивэгчин дуудан сархад зоог авчруулан сайдад барих үед Сахян эзэгтэйн үгийг сонсоод Сүгхяны өрөөнд орон өгүүлрүүн:
             “Сайд чамайг явуулахгүй байлгасаар буйд ихэд уурлаж эзэгтэйг үгийн зөрөөгүй загнан буй. Чамайг ойр зуурын газар бус алс хол хөөн явуулахыг надад тушаасан тул хурдан яв” гэснээ хувьсхийн хурц балмадаар өгүүлрүүн:
             “Тансаг хоол, торгон хувцсанд умбан байж яахин тийм бусармаг үйлдэл хийн тэнгэр мэт эзэгтэйг сайдад зэмлүүлэх үйл хийнэв! Хурдан гараад ир” хэмээн яаруулсанд Сүгхян нус нулимс болон байж өгүүлрүүн:
             “Эзэгтэй гарч ирэх аваас салах ёс гүйцэтгээд явья” гэтэл Сахян загнаж зандран:
“Ямар нүүрээр эзэгтэйн царайг харах гээв? Эзэгтэй ч зэмлүүлсэндээ ундууцаж суугаа, энд ирэхгүй тул хурдан гараад ир. Ийн алгуурлаваас би хүртэл гэмтэн болно. Алив хурдан явцгаая” гээд бугуйнаас нь татсанд Сүгхян ихэд шаналан нулимс дуслуулан байв. Эзэгтэйг харж чадахгүй ийн явж буйдаа юунаас илүүтэй шаналах ажээ. Сахянаас гуйн байж арайхийн өрөөндөө орж хурууны өндгөө хазан урсах цусаар нь хагацлын нэг мөрт бичээд цонхонд хавчуулан орхив. Чингээд нулимс асгаруулан гарч ирэхэд Сахян ар нуруунаас нь түлхэн яаруулав. Энэлэн шаналсан Сүгхян Сахяны гүтгэлгэнд автсаар их хаалгаар гартал Сахян хаалганы гадна ирээд өгүүлрүүн:
             “Ойр хавьцаа байваас сайдын гарт амиа алдаж мэднэ, хол яв” гэвээс Сүгхян яах учраа олохгүй цухиран уйлсаар гарав. Чингээд зам зуурт их ус тааралдваас живж үхэхээр шийдэн тэнгэрт мөргөн өгүүлрүүн:
             “Сүгхян би урд насны гэм нүглийн үрээр эцэг эхээсээ хагацаж орон гэр оочих аягагүй бэдчин явахдаа Тэнгэрийн ивээлээр Чан сайдын гэрт амьдрах болсон хэдий ч хувь заяаны төөргөөр усанд живж үхэх гэж буй тул тэнгэр газар, нар сар од мичид минь өрөвдөн хайрлаач намайг” хэмээн мэгшин уйлав. Энэлэн шаналах түүний царайнд уйтгар гуниг бүрхэж, жихүүн салхинд модод хүртэл халаглан харамсах мэт найгаж, дэргэдүүр нь өнгөрсөн хэн ч нулимс унагахгүй байхын аргагүй ажээ.
Нар баруун уулнаа ороход голын хөвөөн дэх шувууны гунигтай дуунаар Сүгхян сэтгэлд хурсан гунигаа барьж үл дийлэн хүрэн улаан өнгийн банзлаа тас атгасан чигтээ бэгдчин явлаа. Түүнийг ус руу гүйн ороход явуулын хүн аврахыг завдсан хэдий ч давалгаа хүчтэй түрэн орж ирэв. Сүгхян усанд автчилгүй хар хавтгай модон дээр гарч зогсов уу гэтэл урсгал ус хүч түрэн орж амийг нь авч одлоо.
 
     Пюужин голд үсрэн орсон Сүгхян авхайг лусын охин Саран авхайн тушаалаар аврав. Энэхүү лусын охин болбоос урд цагт Ким Жөний аварсан мөнөөх яст мэлхий ажээ. Лусын охины хамт гарч ирсэн тэнгэрийн дагина Сүгхянд цаашдаа хэд хэдэн удаагийн зовлон бэрхшээл туулах ёстой гээд энэ нь дээд тэнгэрт хийсэн гэмийн үр хэмээв. Сүгхян дагинын заавраар завинд сууж нэгэн газар хүрч ирэв. Чингээд урьдын адил хандсан зүгтээ гэлдрэн явсаар Ножөнь хэмээх газарт галын аюулд өртөж амь бусних мөчид галын бурхан амь гэтэлгэв. Энэ зуурт Чан сайдын гэрт тэнгэрийн хувилгаан гарч ирэн аянга буулган Сахяны амийг авч одов.
 
             Сүгхян уйлсаар дорно зүгийг чиглэн явлаа. Үүр цайсанд чармай нүцгэн үлдсэн Сүгхян зам ахих аргагүй болов. Өлсөж туйлдан хөдлөх ч тэнхэлгүй болсон тэрээр зам дагуух бут налан амсхийв. Чингэтэл нэгэн сагстай эмгэн Сүгхян авхайн хажууд ирж сууснаа өгүүлрүүн:
             “Ямар учиртай хүүхэд болоод их хөлийн газар чармай нүцгэн уйлаад сууж байдаг билээ? Эцэг эхдээ зодуулан хөөгдөв үү? Эс бөгөөс бусдын гэрээс хумслаад хөөгдөв уу? Аль бөгөөс балмад этгээдүүдийн гараас чармай нүцгэн хоцров уу?” гэсэнд Сүгхян:
             “Би угаас эцэг эхгүй нэгэн билээ. Тиймээс хэндээ хөөгдөж хэний юмыг хулгайлах вэ дээ. Алдаж хохирсон юм ч алга, ядарч туйлдан өлсөж цангасандаа ийн суун буй” хэмээхүйд Эмгэн:
             “Эцэг эхгүй гэв үү? Тийм бол хаанаас төрөө вэ? Эцэг эхдээ хаягдсан чинь хөөгдсөнөөс өөрцгүй бус уу? Алтан хатгуурны хэргээр Чан сайдын гэрээс гарч энд хүрч ирсэн чинь хулгайнаас өөрцгүй бус уу? Ножөньд өмсч байсан хувцасаа шатаасан чинь дээрэмдүүлсэнтэй агаар нэг бус уу?” хэмээсэнд Сүгхян балмагдан:
             “Та энэ бүгдийг хэрхэн мэднэ вэ?”
             “Дам дамаа сонссон буй. Хаа хүрэхээр явна вэ?” хэмээсэнд Сүгхян
             “Очих газар алга даа. Тиймээс ийн сууна” хэмээсэнд Эмгэн:
             “Би үр хүүхэдгүй хөгшин. Төрх байдлыг чинь харвал хатуу хувь тавилантай хүүхэд юм. Замын хажууд уйлаад суулгүй надтай хамт амьдарвал ямар вэ?” гэсэнд Сүгхян:
             “Та намайг орхихгүй гэвээс дагаж явмуй. Таны гэр эндээс хэр хол вэ? Би ийм чармай нүцгэн байдаг. Бас их өлсөж байна.” гэсэнд эмгэн сагснаасаа уулын зэрлэг ногоо нэгийг гаргаж ирээд:
             “Одоохондоо үүнийг идэж бай” гэв.
             Сүгхян тэрхүү уулын ногоог идээд цадаж анхилуун үнэрт нь ухаан бодол нь сэргээд ирэх шиг болов. Эмгэн хувцасаа тайлж өмсүүлээд түүнийг дагуулан одов. Сүгхян эмгэнийг даган хоёр толгод давтал тосгон цэлийн харагдаж байлаа. Уулын бэлд ирээд эмгэн:
             “Энэ бол манайх” гэв. Сүгхян гэрт орж харахад том биш хэрнээ тун чиг тохилог айл байв. Хүүхдийн чимээ гарсангүй, харин Сүгхяныг олж харсан нохой сүүлээ сарвагнуулан угтах ажээ.
 
Ихважөнд суурьших болсон Сүгхян хатгамал хатгаж, улмаар эмгэн арилжиж идэж  уухаар дутахгүй амьдрах болов.
            
                 Авхай эмгэний гэрт ирсэн жилийн гуравдугаар сарын арван тавны өдөр эмгэн сархад зарахаар явж, авхай асарт ганцаар сууж байлаа. Гэнэт хаа нэгтээгээс хөх шувуу нисэн ирж тэргүүлэгч цэцгийн мөчир дээр суув. Үүнийг харсан авхай “тэр шувуу ч гэсэн надтай адил эцэг эхээ алдсан юм байх даа. Юунд ганцаараа тийнхүү жиргэнэ вэ” хэмээн бодон зүүрмэглэтэл, мөнөөх шувуу өгүүлрүүн:
             “Авхайн эцэг эх эндээс хол газарт буй. Намайг дагаад явна уу”
             Сүгхян баяртайгаар мөнөөх хөх шувууг даган одсоор нэгэн газарт хүрч очив. Цагаан хаш лугаа цөөрмийн дунд сувдан суурин дээр нэгэн асар байх ажээ. Шүрэн хавтан дээр алтан үсгээр Ши Ванмү[3]-гийн өргөө гэж бичсэн байв. Гялтганан гэрэлтэх сүрлэг энэ өргөөг Сүгхян эгцлэн харж, зүрхлэн орж чадахгүй үүдэнд нь лагхийн суусанд эр эм тэнгэр элчис, тогоруу хангарьд хөлөглөн хос хосоороо орж ирэхүйд үүлэн дундаас зургаан луу хөлөглөсөн алтан сүйх гарч ирэв. Хурмаст тэнгэрийн сүйх ажээ. Түүний араас гурван марал од хийгээд бүх аршууд цувран орж ирлээ. Мөнхүү Шагжамүни залран иртэл бүх бурхад хийгээд аршууд эгнэн зогсоход таван өнгийн үүл солонгорон хөөрч анхилуун үнэр ханхлах ажээ. Ийн явж өнгөрөхдөө Сүгхяныг үл ажина. Нэлээн удсаны эцэст цагаан үүл хөөрч цагаан хаш сүйх тэргэнд гартаа цагаан бадамлянхуа цэцэг барьсан нэгэн дагина намбалаг гээчийн суух ажээ. Энэ бол мөнөөх Саран авхай байлаа. Баруун зүүн талд нь тэнгэрийн дагинас эгнэн зогсох нь тун чиг сүрлэг хийгээд үзэсгэлэнтэй ажээ. Саран авхай Сүгхяныг хараад:
             “Сэтгэл минь ихэд баяснам. Тэргэл саран минь. Хүмүүний амьдрал хэр байна? Ийн ирсэнийх надтай хамт Яочи[4] цөөрмөөр зугаалаад яв” хэмээсэнд сая нэг юм Сүгхян хөх шувууны араас Саран авхайг даган орлоо. Өргөө гэрийн үзэмж хийгээд эгнэн зогсох албат, аршийг баримжаалан тоолохын аргагүй ажээ. Сархад сөгнөж амттаны дээж тансаг идээгээр ширээ засч, дор бүрнээ хөгжилдөн дургив. Энэ зуур нэгэн Бодьсадва, залуу аршийг ардаа зогсоон Тэнгэр бурханд бараалхах аваас тэрээр мөнөөх аршийг дуудан өгүүлрүүн:
             “Тай И[5] аа, хүмүүний амьдрал хэр байна? Тэргэл саранг хайж олов уу? хэмээвээс мөнөөх арш хүндэтгэн мэхийн ёслох ажээ. Саран авхай Тэнгэр бурханд айлтгаруун:
             “Тэргэл саран дөрвөн удаа үхлийн аюулд өртсөн буй. Эрхэм түүнийг хийгээд ивээлт заяа төөргий нь үзэж болгоно уу”
             Тэнгэр бурхан тэр даруйдаа долоон бурхан одонд тушааж далан нас хайрлаж, хоёр нуган үр, нэг охин үр заяагаад, хоёр хүүг нь их түшмэл, охиныг нь хааны хатан болгов. Улмаар Тэргэл саранд хоёр ширхэг Паньдо[6] жимс, анхилуун үнэрт цэцгийг Тай Ид өгөхийг тушаав. Мэгдэж сандарсан Сүгхян нэг гартаа хаш чулуун цар дээр Паньдо жимсээ тавиад анхилуун үнэрт цэцгээ нөгөө гартаа атган Тай Ид өгтөл, тэрбээр хоёр гардан авахдаа Сүгхяныг шохоорхсон харцаар сонжин харав. Тэргэл саран ичингүйрэн харц буруулах агшинд Сүгхяны хувцсанд торгоосон хаш чулуун унжуурганы сувд мултран унав. Сүгхян авах гэтэл мөнөөх арш аль хэдийн гартаа барьчихсан зогсож байв. Сүгхян ичингүйрэх сэтгэлээ барьж ядан өргөө лүү өгсөх гэтэл эмгэн архиа зарж ирэн:
             “Хавар цагт нозоорсондоо тэгтлээ их унтаа юу?” гэх дуунаар Сүгхян цочин сэртэл амтат зүүд байх нь тэр. Яочи цөөрмийн үзэмжит төрх нүдний өмнө сэвэлзэж баясал цэнгэлийн дуун чихнээ сонсогдох ажээ. 
 
Сүгхянь зүүдэндээ харсан явдлаа хатгамал болгон үлдээхэд Чожан гэгч хүн худалдаж авав. Тэрбээр хатгамалд нэр олохоор Нагян Пүгчонь И Сансөгийн хүү И Сөнийг зорьж очив. Энэ зуур цэргийн сайд И Жөнь үр хүүхэдгүй байж байгаад И Сөнь хэмээх хүүтэй болжээ. И Жөнийн эхнэр нярайлахын урд зүүдэнд нь нэгэн дагина гарч ирэн И Сөний хань ижлийг Сүгхян гэдгийг хэлэв. Арван таван нас хүрсэн И Сөнь нэгэн өдөр Тайсөнса хийд явах замдаа Сүгхяны адил зүүд зүүдлэв. Тэр явдлаас хойш зөвхөн Сүгхяныг л бодох болсон И Сөнь Чожантай уулзан хатгамал худалдан авав. Хатгамалыг Иважөнь эмгэнийхээс худалдаж авсан болохыг мэдээд Иважөньг зорин замд гарав.
 
 
И Сөнь Сүгхян авхайг хайн
замбативийг хөндлөн гулд туулсан нь
 
 
             Билгийн тооллын долдугаар сар. Сүгхян асарт хатгамал хатган сууна. Яг энэ үед хөх шувуу анар цэцгийн мөчир зуун ирж авхайн өмнө суун байснаа хойд зүг рүү нисэн одов. Үүнд хачирхсан авхай шувуу нисэн одсон зүг рүү алхан хартал Соёогуань[7] тавьж алаг эрээн хээтэй хувцас өмсч хөх луус унасан нэгэн хөвүүн эмгэний гэрийг чиглэн ирж яваа харагдав. Сайтар ажиглан хартал Яочид Паньдо жимсийн хамт тасарч унасан сувд аваад явсан арш шиг байв. Авхай баярлаж гайхах нь хослон хатгаж байсан шүрээ буулган хэсэг бодолхийн суув. Мөнөөх хөвүүн эмгэний гэрийн үүдэнд ирж гэрийн эзнийг асуутал тэр дуунаар эмгэн ухасхийн хартал хойд тосгоны И Сансөгийн залуу агь байлаа. Эмгэн угтан авч дээш суулгаад өгүүлрүүн:
             “Залуу ноён муу овоохойд минь ирсэнд сэтгэл ихэд баяснам” гэсэнд
             “Өнгөрч явтал эмээгийн гарын архи амттай гэхээр нь ороод ирлээ. Нэг тулгавал ямар вэ?” гэсэнд эмгэн:
             “Манайд сайн архи буй ч хөгшин надтай ханьсаад суух нэгэн байсангүй. Тэгтэл энэ өдөр тэнгэр ивээж таньтай уулзлаа. Өдрийн турш наргин цэнгэе” гээд царан дээр таван өнгийн тавганд хийсэн зүйл гаргаж ирлээ. Хартал замбативийн идээ лав биш байв. Залуу агь хөлчүүрэх цагт ам нээх биз хэмээн битүүхэндээ хүлээн сууж байтал бага зэрэг халамцсан эмгэн инээмсэглэн өгүүлрүүн:
             “Та сайдын өргөөний залуу ноён тул хүн төрөлхтөний тансаг амттанд дуртай л байх. Гэвч ядмаг ч гэлээ энэ идээг зооглож болгооно уу” гэсэнд залуу ноён:
             “Энэ замбуутивд харж байгаагүй идээ тул битүүхэндээ эргэлзэн сууна. Ямар учиртай идээ вэ дээ” гэсэнд эмгэн:
             “Хөгшин би хийх ажилгүй энэ тэрүүгээр явах зуураа нэг айлаас олж авчирсан идээ болмуй. Би бас сайн мэдэхгүй. Та зооглоод үзнэ үү” гэсэнд залуу ноён:
             “Эртний үгэнд “Нэр үл мэдэх идээг бүү хүрт” гэсэн байдаг. Хэрэв та мэдэж буй аваас намайг хуурсны хэрэггүй” гэсэнд эмгэн:
             “Шилэн тавагтай Ягван өвс[8]-ийг баруун далайн Лусын хааныхаас, тэр шүрэн тавагтай Кымгван[9]өвсийг Ёнжүгийн Күрүсөн[10]-ий гэрээс авчирсан билээ. Харин тэр хулуу тавагтай Шиньгван[11] өвсийг Чөньтай уулын Маго дагина[12] авхайн гэрээс олж авчирсан буй. Мөн тэр яст мэлхий тавагтай Чөньгван[13] өвсийг Маньсү уулын аршийн гэрээс олж ирлээ. Өчүүхэн энэ идээ муудаж сүйд болоогүй тул эргэлзэж тээнэгэлзэлгүй зооглож хүртэнэ үү” гэсэнд залуу ноён:
             “Таны үгэнд итгэхэд бэрх, үнэн худлыг ялгах аргагүй юм” гэсэнд эмгэн өгүүлрүүн:
             “Тэр шүрэн тавган дахь Паньдо жимсийг Яочи Ши Ванмүгийн гэрээс олж авчирсан буй” гэсэнд залуу ноён:
             “Паньдо гэдэг үг тань бүүр эргэлзээ төрүүлж байнам. Таны үг худал бус уу. Та энэ ертөнцийн хүн байлтай. Лусын ордон, Панжан уул, Маньсү уул, Чөньтай уул, Ёнжү, Яочи чинь аршийн орон бус уу. Цинь Шихуан[14], Хань улсын Уди эзэн хаан[15] ч тэрхүү газрыг үзсэн удаагүй атал эмгэн таны чадлаар яахин харсан байх билээ?” гэсэнд эмгэн мөн л инээн:
             “Би хэдийгээр хүч чадалгүй мөхөс хэдий ч Гурван дагшин уул[16] хийгээд дөрвөн зүг найман зовхист яваад үзсэн нэгэн. Харин та хэн нэгэн газарчлахыг хүлээдэг бус уу” гэсэнд залуу ноён:
             “Надад мянган бээрийн луус бий. Явахыг хүссэн газарлуугаа дураараа явдаг байтал юунд хэн нэгнээр газарчлуулах билээ?” гэсэнд эмгэн чангаар инээн:
             “Хэрэв та мянган бээрийн луустай аваас Яочи явахдаа юуны учир луусаа хөлөглөлгүй Тэйсөнса Бурханыг даган одсон хэрэг вэ” гэсэнд залуу ноёнтон ихэд гайхан балмагдсанаа хүндэтгэл үзүүлээд өгүүлрүүн:
             “Таны үг үнэхээр намайг сүрдүүлнэм. Өнгөрсөн удаад ууланд явж байгаад зүүдэндээ Яочи яваад ирсэнийг минь яахин мэддэг билээ?” гэсэнд эмгэн өгүүлрүүн:
             “Та намайг хүч чадалгүй хэмээсэн ч эмгэн би аршийн орон луу байнга зорчдог. Эзэн хааны Паньдо жимс болоод үнэрт цэцгийг хэн өгсөн билээ дээ. Тэргэл саранг хэрхэх гэж байна вэ?” гэсэнд залуу ноён:
             “Зүүд бол хий хоосон зүйл, яахаа сайн мэдэхгүй сууна” гэсэнд Эмгэн:
             “За яахав зүүд тийм байж, тэгвэл Чожаны авчирсан хатгамал ч гэсэн зүүд үү?”
             Эл үгэнд И Сөнь бүр гайхан балмагдаж Тайсөнса Бурханыг дагаж явсан хийгээд Чожанаас гуу худалдаж авсанаа ний нуугүй ярив. ‘Тэргэл саран хүний ертөнцөд бууж ирсэн хэдий ч сураг гаргаж үл чаднам, энэ хатгамалыг таныг зарсан гэхээр ийн зорьж ирсэн буй, хаа газраас авсныг тань асууж болох уу” гэсэнд эмгэн өгүүлрүүн:
             “Тэргэл саран хаа буйг мэднэ. Гэвч залуу ноён Тэргэл сарантай уулзах хэрэг зориг юусан билээ?” гэсэнд залуу ноён:
             “Тэргэл саран болбоос дээд тэнгэрээс надад хайрласан хань ижил минь, заавал хайж олох учиртай” гэсэнд эмгэн:
             “Хань ижлээ болгох гэж буй бол эрлээ энэ хүрээд зогсооно уу” гэсэнд залуу ноён:
             “Юуны учир тэр билээ?” гэвээс,
             “Та бол язгууртан айлын агь. Угсаа гарал, эд баялагаараа энэ ертөнцөд толгой цохих нэгэн бус уу. Эзэн хааны хүргэн биш юмаа гэхэд язгууртан дээдсийн хүргэн болох учиртай. Юуны учир тийм Тэргэл саранг хань ижлээ болгох гээ вэ?” гэсэнд  залуу ноён:
             “Тэргэл саранд ямар нэгэн дутагдал байгаа юм уу?” гэсэнд эмгэн:
             “Тэргэл саран урд насныхаа гэм нүглийн үрээр хүний ертөнцөд буун ирж сул дорой нэгний үр хүүхэд болсон. Таван настайдаа эцэг эхээ алдаж гуйлгачин болсноор орон гэргүй тэнүүчлэн явж, улмаар дээрэмчидтэй тааралдаж нэг гараа тайруулж, усанд живж амь тавихын цагт явуулын хүн аварч гаргатал хоёр нүд нь сохорч, Ножөнь гэдэг газарт ирээд унтаж байхдаа галд өртөж нэг хөл нь доголсон буй. Мөн газрын савдаг эмгэнийг хэлэгнүүлж хоёр чих нь дүлийрч эцэст нь ганц амтайгаа үлдэж үзээрийн амьтан болсон тул хайж очоод нэмэргүй биз” гэсэнд залуу ноён:
             “Урд насандаа ямар гэм хийсэн болоод ийм хөөрхийлтэй нэгэн болдог билээ?” гэсэнд эмгэн:
             “Тэргэл саран бол Саран ордны авхай бөгөөд Тэнгэр бурханы баруун гарын түшмэл Тай И арштай захиа өгөлцөн авч улмаар Огто[17]-гийн эмийг хулгайлсныхаа үйл лайгаар ийн эрэмдэг нэгэн болсон гэнэ билээ” гэсэнд залуу ноён санаа алдан өгүүлрүүн:
             “Хувь заяа тийм болбоос эрэмдэг нэгэн гээд яалтай билээ? Та Тэргэл саран хаа буйг хэлж болгооно уу. Би хайн очсугай” гэсэнд эмгэн:
             “Сурч очлоо гэхэд тийм зэрэмдэг нэгнийг их өргөөний бэр болгох гэж үү? Зовлон дуудах хэрэггүй бус уу” гэсэнд залуу ноён:
             “Язгууртан баян айлаас бэр буулга гэх аваас тэр нэгэн нь Тэргэл саран биш л бол тийн сэтгэл үл төвдөнө. Тэргэл саран буй газар хийгээд нэр усыг нь хэлж өгч болгооно уу” гэсэнд эмгэн өгүүлрүүн:
             “Тэргэл саран эндээс яваад удлаа. Өдгөө чухам хаа буйг хэлж мэдэхгүй. Хэрэвзээ Намян дахь Ким Жөний гэрт байхгүй аваас Чан сайдын гэрт очоод үзнэ үү. Энэ амьдрал дахь нэр нь Сүгхян.”


[1]Саран авхай (월궁항아月宮姮娥): Саран дээрх ордонд амьдрах үлгэрийн дагина. Замбуутивд Юигийн эхнэр байсан ба Ши Ванмүгаас авсан ариун үрлийг сэм хулгайлан улмаар сар луу зугтаасан гэдэг. Төгс үзэсгэлэнгийн бэлэгдэл.
[2] Хёнчо (형초 荊楚): Хятадын Хёнжү (형주 荊州) газар нутагт байсан Чү( ) улсын нутаг дэвсгэр..
[3] Ши ванмү (서왕모 西王母): Хятадын эртний домог үлгэр өгүүлэгдэх тэнгэрийн дагина.
[4] Яочи (요지 瑤池): Аршийн орон болох Коннүнь (곤륜산 崑崙山) уулан дахь цөөрөм.
[5] Тай И (태을 太乙): Тай И арш, Тай И хувилгаан. Тэнгэрийн хувилгаадаас хамгийн өндөр зэрэгтэй нь агаад ‘Хойд туйлын бурхан’гэж ч нэрлэдэг.
[6] Паньдо (반도 蟠桃): Аршийн оронд гурван мянган жилд нэг удаа ургадаг тоор жимс.
[7] Соёогуань (소요관 逍遙冠): Билгүүн номч нарын өдөр тутамд өмсдөг малгайны төрөл зүйл.
[8] Ягван өвс(야광초  夜光草): Домогт гардаг өвсний нэр.
[9] Кыгван өвс(금광초  金光草): Домогт гардаг өвсний нэр.
[10] Күрүсөнь(구루선 佝僂仙): Аршийн нэр.
[11] Шиньгван өвс(신광초  神光草): Домогт гардаг өвсний нэр.
[12] Маго дагина(마고선녀  麻姑仙女): Хятадын домогт гардаг тэнгэрийн дагина.
[13] Чөньгван(천광초  天光草): Домогт гардаг өвсний нэр.
[14] Цинь Шихуан (진시황 秦始皇): Хятадын Цинь гүрний эзэн хаан. Зургаан улсыг мөхөөж  улс орноо нэгтгэн, феодалын тогтолцоог халж улс орноо мужид хуваасан ба улмаар Хүннү болон Наньюэ(남월 南越) улсыг бут цохиж газар нутгаа өргөтгөн цагаан хэрэмийг босгожээ.
[15]Хань улсын Уди эзэн хаан (한무제 漢武帝): Хятадын Түрүү Хань улс(전한 前漢)ын долоодугаар үеийн хаан. Хань улсын Цинди(경제 景帝) хааны хүү бөгөөд улмаар хаан суудлыг өвлөн авч,  Наньюэ (남월 南越),  Дүньюэ(동월 東越) зэрэг хөрш зэргэлдээ улсыг дагаар оруулж эзэнт гүрнийг байгуулжээ.
[16] Гурван дагшин уул(삼신산 三神山): хятадын домогт гардаг Поннай уул(봉래산 蓬萊山), Панжан уул (방장산 方丈山), Ёнжү уул (영주산 瀛州山). Солонгосын Кымган уулыг Поннай уултай, Чири уулыг Панжан уултай, Халла уулыг Ёнжү уултай адилтган зүйрлэдэг.
[17] Огто(옥토 玉兎): Саран дээр амьдардаг домгийн туулай.
үргэлжлэл бий...

Comments

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН