УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА-1


ТА УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?



Өнөөдөр даяарчлалын эрин үе. Манай зүйл танайх болж танайх манайх болсон цаг. Нөгөөтэйгээр хэн юу хийж чадаж байна түүнийгээ хийдэг болсон цаг. Цаг үеэ дагаад орчуулга ч хөгжсөөр л байна. Мэддэг хэлнээсээ чадах хэмжээндээ хэн хүнгүй л орчуулах болжээ. Хатуухан хэлэхэд махчилах үедээ махчилж, утгачилах үедээ утгачилж эцэст нь нэг юм цаасан дээр үлдээх болсон нь нуух зүйл биш. Үүнийг буруутгах гээгүй, гэхдээ бид зохиолчийн хөлс хүчээ гарган бүтээсэн бүтээлийг хэр хэмжээнд хэрхэн орчуулж байна вэ? Бодох л асуудал. 
Иймд энэ удаад чухам уран зохиолын орчуулга гэж юу болох, хэрхэн гүйцэтгэх ёстой талаар бага ч болов сөхөн харъя.

Р. Гүрбазар уран зохиолын орчуулгын ажлын үе шатыг дараахи байдлаар тодорхойлж байна.
Үүнд:

1. Орчуулагч хүн орчуулах зохиол бүтээлээ мэргэжил сонирхолдоо зохицуулан өөрөө сонгож авах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрийн хамгийн талархан хүндэлдэг, зохиолынх нь зохиомж бүтэц, урнаар өгүүлэх арга барил, хэл найруулгыг сайн мэддэг тийм зохиолчийн зохиол бүтээлийг сонгон авах нь орчуулгын ажлыг хөнгөвчлөхөөс гадна үр дүнтэй байдаг байна.

2. Орчуулагч хүн эх зохиолд гадаад ба дотоод талын задлан шинжилгээ хийнэ. Гадаад талын задлан шинжилгээнд тухайн зохиол гарах үеийн нийгмийн орчин нөхцөл, түүх, соёл иргэншил, хүн ардын аж төрөх ёс, зан заншил тэргүүтэн хэрхэн тусгалаа олсныг нягтлан тодруулах ажил орно. Энэ үед орчуулагч хүн эх зохиолыг лавшруулан ойлгоход бүх мэдлэг чадвараа дайлчлах ёстой. Чухам энэ утгаараа авч үзвэл орчуулагч хүн уран зохиолч судлаачийн эрдэм эзэмших зайлшгүй шаардлагатай байдаг. Дотоод талын задлан шинжилгээнд эх зохиолын найруулга, хэлний элдэв хэрэглэгдэхүүнийг үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн үүднээс нарийвчлан авч үзнэ.

3. Орчуулагч хүн зохиолын агуулга, уран сайхны амт шимтийг орчуулж буй хэлээрээ үнэн зөв  сэргээн гаргахын тулд хэлний зүй, найруулга зүйн ба урлан бүтээх бүх арга хэрэглүүрийг сонгон олно. Энэ шатанд үг зөв оноохоос эхлээд эх зохиолын уран дүрслэлийг оновчтой зөв эвлүүлэн гаргах хүртэл өдий төдий нарийн түвэгтэй асуудлыг шийдэхдээ зохиолч хэлний ба найруулга зүйн мэргэжилтний үүрэг гүйцэтгэнэ.

4. Дээрхи шатанд хийсэн ажлаа орчуулагч нэгтгэн гүйцээнэ. Эх зохиолын агуулга, хэлбэр, уран сайхны амт шимтийг орчуулж буй хэлний хэм хэмжээнд зохицуулан хэр зэрэг үнэн зөв гаргаж чадсан байна вэ? гэдэгт оршино. Иймээс дахин дахин нягталж, хамгийн оновчтой хамгийн шилдэг хувилбарыг бий болгоно.
Үнэн хэрэгтээ уран зохиолын орчуулгад бүрэн төгс болсон гэх тодорхой зааг байдаггүй. Дахин дахин засварлаж их хүч хөдөлмөр зарцуулж байж бий болсон шилдэг орчуулга ч гэсэн аль нэгэн талаараа цаашид шинэчлэгдэж засварлагдсаар байх хувь тавилантай.



Сурвалж: Д. Цэдэв, Х. Мэргэн "Орчуулах эрдэм" 3, 4, УБ 1982.


Уран зохиолын орчуулга гэдэг их сайхан хөдөлмөр. Хүн төрөлхтөний хийсэн агуу зүйлсийн нэг нь уран зохиол гэдэг. Энэ их агуу оюуны хөдөлмөрийг эвийг нь олоод орчуулна гэдэг орчуулагч хүнээс асар их хөдөлмөр шаардах нь гарцаагүй. Иймээс бид М. Шатар гуайн хэлсэнчилэн "толь бичиг харахгүй юмуу, мэдэхгүй чадахгүй юмаа бусдаас асуухгүй, ичиж нэрэлхэх юм бол орчуулга заавал доголдоно. Тиймээс орчуулагч хүнд ичих, нэрэлхэх хоёр бол хүлцэшгүй дутагдал мөн бөгөөд тийм хүн орчуулагч болж чадахгүй", "Ухаан зарж, урьдаас бодож тунгааж, үнэнхүү сэтгэлээсээ хандан орчуулбал харин болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй" гэж хэлснийг санахын зэрэгцээ орчуулгын  цэнцүүр нь эх хэлээ хэрхэн сайн мэдэж буйд оршдогийг ухамсарлаж чадах аваас уран зохиолын орчуулга гэх далайд хөл тавьж болох ажээ.




Үг нь цэцэн үзэг нь хурц байх болтугай.









Comments

  1. Сайхан бичлэг, сайхан эшлэл байна. Орчуулгын тухай ярилцъя бүлэг, Орчуулах эрдэм хуудсандаа оруулахыг зөвшөөрнө биз дээ?

    ReplyDelete
  2. Тэгэлгүй яахав. Баярлалаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

МОНГОЛЫН ЭРТНИЙ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН