Сөрөг цэцэг ОАК ба “Зүүн суртал” хэмээх шашны хөдөлгөөн



Солонгосоор 녹두꽃, монголоор “Сөрөг цэцэг” хэмээн орчуулж гаргасан Солонгосын олон ангит киноны өгүүлэмжийн талаар авч үзье. 

Юуны өмнө киноны үйл явдлыг товчхон дурдахад, эх өөр ах дүү хоёр тариачдын хөдөлгөөний үеэр эсрэг тал болж буй талаар өгүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү кинонд гарч буй “Зүүн суртал” гэж чухам юу вэ?
18-р зууны дунд үед Солонгос улсын төрийн эрхийг цөөн тооны сурвалжит гэр бүл атгах болж, үгүйрч хоосорсон хохь янбань нарын тоо олширч байв. 
Хөдөө тосгонд их хэмжээний эзэмшил газартай чинээлэг тариачид гарч ирэхэд энгийн ядуу тариачид шахагдан хэрмэл тэнүүлчдийн эгнээд элсэж байв. Яг энэ дүр зураглалаар кино эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ард иргэд ядуугийн туйлд хүрч, өлсгөлөнд нэрвэгдэж буйгаар кино эхэлдэг. Тариачдын бухимдал, уур хилэн туйлдаа хүрч, улмаар тэдний тэмцэл “동학 Зүүн суртал” шашны хөдөлгөөнөөр илэрдэг. Зүүн суртал шашныг 최제우 Чуй Жэ Ү(кинон дээр нэр дурдагдан өнгөрдөг) гэгч үндэслэн бий болгосон бөгөөд Хүнзийн суртал, Буддын шашин, Даосын сургаал, Католиг шашин, Бөө шүтлэгийн холимог ухагдахуун байв. Шашин тус бүрийн сайн талыг тусгахыг хичээсэн бололтой. Гол үзэл нь “Хүн бол бурхан мөн, Бурхан хүн хоёр нэг зүйл” гэсэн санааг тусгаж байв. Энэ үгийг кинон дээр гол дүрийн баатрууд амны уншлага мэт хэлдэг.  Барлаг зарц эхээс төрсөн Пэг Иган, ээжийгээ болон өөрийгөө зарц барлаг биш “энгийн ард” болгох гэж тэмцэж буйгаас тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл бүх хүн эрх тэгш байх, феодалын анги давхрагын эсрэг тэмцэж буй тухай өгүүлдэг. Нийгмийн гарал, анги давхаргаас үл хамааран бүх хүн эрх тэгш болохыг онцолсон үзэл суртал байв. Сүүлдээ энэхүү “зүүн суртал” шашин нь нийгмийн амьдралыг өөрчлөх шинэчлэх зорилготой тариачдын хөдөлгөөн болон өрнөжээ. “Төрдөө зүтгэж, түмэн олноо амраах” уриан дор ялзарч доройтсон засаглалыг шинэчлэх цаг болсон хэмээн уриалж байв.
Гэвч Зүүн суртал шашны Үндэслэгч Чуй Жэ Ү-г ард олны сэтгэл санааг үймрүүлсэн хэмээн үзэж, цаазаар авсан байдаг. Харин кинонд гардаг шиг Чуй Жэ Ү-гийн үйл хэргийг Чуй Ши Хён 최시형 үргэлжлүүлж, энэ суртлыг өргөжүүлж идэвхижүүлдэг. Хожмоо 1870 оны сүүлээр киноны гол дүр болох Нугдун жанжин буюу Жон Бун Жүн 전봉준 гэгч ядуу тариачин Чуй Ши Хёнтой нэгдсэнээр, "Зүүн суртал" шашин тариачдын хөдөлгөөн бүр цаашлаад хувьсгал болон өргөжихөд хүрдэг. Кинонд гарч буй Жон Бун Жүн бол түүхэн бодит дүр билээ. 
Кинонд дурдагдаж байгаа Губу аймгийн захирагч Жу Бён Габ 조병갑 нь тариачдыг хэт дарлан мөлждөг сувдаг шунахай нь хэтэрсэн захирагч байв. Киноны эхний ангиудад Жон Бун Жүнаар ахалсан тариачид энэхүү захирагчийн эсрэг босч буй тухай гардаг. Жу Бён Габ захирагчийн тариачдын дургүйцлыг хамгийн их хүргэсэн зүйл бол Ман Сог Бу 만석보 хэмээн усан сангийн татвар хураасан явдал юм. Өөрөөл хэлбэл тариачдаар шинэ усан сан бариулчихаад эргээд “усны татвар” авах болсноор 1894 онд мянга гаруй тариачид нэгдэж Жу Бён Габ захирагчийн эсрэг босч, Ман Сог Бу усан санг нураадаг. Энэ үзэгдэл кинонд ч бас тусгагдсан байдаг. 
Улмаар энэ тухай мэдсэн засгийн газар, хэргийг намжаах зорилгоор түшмэл И Юун Тэй 이용태-ийг илгээсэн боловч, түүний харгислал хэрээс хэтэрсэн тул тариачид засгийн газрын эсрэг босоход хүрдэг. Бослогыг дарж чадахгүйгээ мэдсэн засгийн газар Чин улсаас тусламж гуйдаг. Үүнийг нь далимдуулан Японы цэргүүд Жусонд орж ирж, Чин, Япон хоёр улсын цэрэг дахин сөргөлдөхөд хүрдэг. Япон улсын цэргүүдийг хөөж гаргахын тулд засгийн газар эхлээд дотоодын тариачдын цэргийг тайтгаруулахын тулд "зүүн суртал"-ынхантай хэлэлцээр хийдэг. Энэ тухай кинон дээр маш тодорхой гардаг. 
Ингээд тариачдын арми 1894 онд Япон цэргийг хөөн зайлуулах уриан дор дахин нэгддэг. Умард өмнөдөөс нэгдсэн тариачдын цэрэг, Ү Гым Чи-д хамгийн том тулаанаа хийдэг. Харамсалтай нь болхи зэвсэгтэй тариачдын арми энэ тулаанд ялагдаж, толгойлогч Жон Бун Жүн баривлагдаж, улмаар японы шүүх хурлаар орж хоолойгоо боймлуулан амиа алддаг. 
Ерөнхийдөө энэ хүртлэх түүхэн үйл явдлыг эх өөр хоёр залуугийн тэмцэл, барлаг зарц нарын амьдрал, ямбатан ямбань нарын амьдрал, залуу хосын хайр дурлалаар зангидаж харуулсан байдаг. 
Өөрөөр хэлбэл “Сөрөг цэцэг” 24 ангит кино нь хөх морин жил (1894)-ийн тариачдын дайны үйл явцыг бүрэн бодитоор тусгаж харуулсан кино юм. Үүний дараа японы түрэмгийлэл туйлдаа хүрч, Гужун 고종 (солонгосын цор ганц эзэн хаан)-ны их хатан Мёнсон хатныг хороодог. Энэ тухай Мёнсан хатан олон ангит киноноос бас үзэж болно. Япончууд улсын эх хатныг хороож, Гужун эзэн хааныг бас хордуулан хороож, Жусон улсыг бүрэн эзэрхийлэх болдог. Гужун хаан өөд болохоосоо өмнө Жусон вант улсыг Их Хань улс 대한제국, болгож өөрийгөө эзэн хаанд өргөмжлөдөг. Их Хань улсын хувь заяа, Японы дарангуйлал, мөнхүү БНСУ болж буй үйл явц, Жусоны хаан угсааны хувь заяа ямар байдалд хүрсэнийг “Сүүлчийн гүнж 덕혜옹주” нэг ангит киноноос харж болно. Гужун хааны охин байсан Тогхэ гүнжийн амьдралыг тус кинонд тодорхой харуулсан байдаг. 
Кино, драм үзэхэд бас учир бий шүү. Олон зүйлийг мэдэж, сурч болох сонирхолтой өгөгдөл. Нэмэлт мэдээлэл болгоход "Зүүн суртал" болон тариачдын хөдөлгөөний талаар Г. Эрдэнэчимэг "Солонгосын түүх" дэд дэвтэрээс уншиж танилцах боломжтой. 





Comments

Popular posts from this blog

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

ҮҮЛЭН ЗАРДАС