"Сүгхян бүсгүйн домог" зохиолын тухайд
ЖУСОНЫ
ХОЖУУ ҮЕИЙН ХАЙР ДУРЛАЛЫН СЭДЭВТЭЙ ЗОХИОЛЫН
УРАН
СЭТГЭМЖ БА РЕАЛИЗМ
(“Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” зохиолуудын
жишээн дээр)
“Сүгхян бүсгүйн домог”, “Сүгён авхайн домог” нь Жусоны
хожуу үед олны хүртээл болсон
хайр дурлалын сэдэвт зохиолууд юм. Залуу хосын хайр дурлалыг уран
сэтгэмжээр дүрслэн харуулсан гэх мэтчилэн тус хоёр зохиолд нийтлэг тал их бий.
Ер нь Солонгосын хайр дурлалын сэдэвтэй зохиолд гол дүрийн хосын учрал тавилан,
гэрлэлтийг ‘тэнгэрийн барилдлага’-аар болж буй мэтээр зохиомжлох нь олонтаа. Харин эдгээр зохиол нь ид
шидийн уран сэтгэмжийн өгүүлэмж ихтэйгээрээ бусад хайр дурлалын сэдэвтэй
зохиолоос ялгагддаг. Ийм уран сэтгэмж нь нийгмийн үнэн байдлыг тод тусгасан
байдаг. Тодруулбал, нийгмийн гарал тодорхой бус нэгэн бүсгүй, язгууртан айлын
залуутай уулзсанаар агуулгын зөрчил үүсдэг. Зохиолуудын уран сэтгэмж нь гол
дүрийн эмэгтэйн амьдралын бодит нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Иймээс тус зохиолууд хэдий ид
шид, уран сэтгэмжийн бодит бус дүрслэл ихтэй ч, үйл явдлын нарийн өрнөл нь
Жусоны хожуу үеийн нийгэм, ард олны сэтгэлзүй, амьдралын жинхэнэ байдлыг үнэн бодитоор тусгасан
өвөрмөц өнгө аясыг илэрхийлж байдаг.
Гэхдээ хоёр зохиолд ялгаатай тал ч багагүй бий. Жишээ нь
зохиолын төгсгөлийг дурдаж болно. “Сүгхян бүсгүйн домог”-ийн бүх хувилбар аз
жаргалтайгаар төгсдөг бол “Сүгён авхайн домог” эмгэнэлтэйгээр төгсдөг.
Жаргалтайгаар төгсдөг хувилбар байдаг ч бүх хувилбарт гол дүрийн эмэгтэй,
шивэгчин эмийн гүжирдлэг, хадам эцгийн харгис хатуу авираас болж эцэст нь үхэлд
хүрч буйгаар зохиол төгсдөг учир үндсэндээ уг зохиолыг эмгэнэлт зохиолын
шинжтэй гэж хэлж болно.
Түүнээс гадна “Сүгхян бүсгүйн домог” нь гол дүрийн
эмэгтэйн нэгэн насны амьдралыг харуулсан урт хэмжээний зохиол бол “Сүгён авхайн
домог” нь залуу хосын хайр дурлал, эмэгтэй гол дүрийн эмгэнэлт үхлийг голчлон
өгүүлсэн дунд хэмжээний зохиол юм. “Сүгхян бүсгүйн домог” нь ханз үсгийн нэлээд
хэдэн хувилбартай, харин “Сүгён авхайн домог” зохиол нь зөвхөн хангыл үсгийн
хувилбартай. Мөн ойролцоогоор нэгэн зууны зайтай зохиогдсон зэргээр тус
зохиолууд өөр өнгө аясыг илэрхийлж байдаг. Иймд хоёр зохиолыг хамтад нь унших,
харьцуулж харах нь сонирхолтой төдийгүй, ач холбогдолтой гэж бодож байна.
Ялангуяа ид шидийн уран сэтгэмж, реализмын нарийн уялдаа нь Солонгосын эртний
үргэлжилсэн үгийн зохиолын онцлог болох ‘уран сэтгэмжийн мөн чанар’-ыг ойлгоход
дөхөм болох юм.
Мөн Жусоны хожуу үед нэлээдгүй их олны таашаал хүртэж
байсан зохиолууд учир ‘олон нийтийн’, ‘ард олны’ шинжтэй хайр дурлалын сэдэвт
зохиолууд гэж хэлж болно. Иймд бид эдгээр зохиолоос хайр дурлалын сэдэвтэй
зохиолыг дурлан унших Жусоны хожуу үеийн уншигчдын оюун санаа, сэтгэлзүйг илүү
нарийн ойлгож авах боломжтой юм...
Эх хувь..이상구, 숙향전, 숙영낭자전
Comments
Post a Comment