ОРЧУУЛГЫН ОНГОД ГЭЖ БАЙНА УУ?

Онгод гэхээр нэг бол бөө мөргөл эсвэл шүлгийн онгод л санаанд бууна. 
"Шүлэг зохиол бичих дур хүсэл ихээр оргилох торгон агшинг шүлгийн онгод" гэнэ. 
Тэгвэл орчуулгын онгод гэж байна уу? Орчуулга хийх дур хүсэл ихээр оргилох, үг сонголт цаанаасаа л урсаад байх тэр торгон мөчийг "орчуулгын онгод" гэж үзэж болох уу? 

Надад бол орчуулгын онгод байдаг мэт санагддаг. Заримдаа хичнээн суугаад ч орчуулж буй номынхоо хэмнэлийг барьж авч чадахгүй үе байдаг. Гэтэл заримдаа юу юугүй урсаад л хэдэн хуудсаар нь орчуулчихдаг. Уран зохиолын орчуулга хийхэд тухайн зохиогчийн бичвэрийн хэмнэл, зохиолын хэмнэлд орох их чухал. Тэгэж хөглөгдөж чадвал аяандаа онгод орж орчуулга ундраад явчихдаг. 

Орчуулж буй номынхоо хэмнэлд хэрхэн хөглөгдөж орчуулгын онгодоо дуудах вэ? (Мэдээж нэн түрүүнд орчуулах гэж буй номтойгоо сайтар танилцаж, бүрэн уншиж судлах нь гарцаагүй. Энд энэ асуудлыг хөндөх гэсэнгүй.) Зохиолын хэмнэл дээр хэрхэн хөглөгдөж орчуулах дур хүслээ оргилуулах вэ? Үг сонголтын "гацаалт"-ыг яаж хөглөх вэ? 

Би хувьдаа ойролцоо агуулга бүхий уран зохиолын ном уншихыг хичээдэг. Жишээ нь хайр дурлалын сэдэвтэй зохиол орчуулж байвал дүрийн онцлог, өрнөж буй орчинтой ойролцоо агууламжтай монгол зохиол уншиж, түр орчуулгаа завсарладаг. За тэгээд сайхан зохиол уншаад сэтгэл хөглөгдөөд ирэхээр орчуулга хийх хүсэл төрж хийсэн орчуулга ч аятайхан болоод "гацаалт" гэгчээс ангижраад явчихдаг юм шиг.

Та орчуулгын онгодоо хэрхэн дууддаг вэ? Ер нь орчуулгын онгод гэж байна уу? 






Comments

Popular posts from this blog

КИНО ОРЧУУЛАХ ТУХАЙД

БАРУУН МОНГОЛ БА ЖАНГАР

ҮҮЛЭН ЗАРДАС