숙향전-Сүгхянь авхайн дууль
Солонгосын эртний уран зохиолыг шимтэн сонирхдог та бүхэндээ энэ удаад "Сүгхянь авхайн дууль" хэмээх гайхалтай зохиолыг товч танилцуулья.
Тэгвэл “Сүгхян
авхайн дууль” зохиол чухам юуг өгүүлнэ вэ?, Юуны учир сонирхол татаж
сэтгэл хөдөлгөдөг вэ? гэдгийг товч боловч дурдая.
Сүгхян
авхайн дууль
“Сүгхян авхайн
дууль” бол XVII зууны сүүлийн хагаст зохиогдсон бүтээл юм. Дуулийн гол баатар И
Сөнь болон Ким Сүгхян авхайн дүрээр
хүмүүний амьдын хагацал гуниг, хайр дурлал, дотоод сэтгэлийн
хөдөлгөөн, бодрол ухаарлын эгзэгтэй үеүдийг тод томруун харуулсан байдаг. Энэ
бол амьдралын утга учир, хүний төөрөг тавилангийн тухай үгүүлсэн сонирхолтой
бүтээл юм. Хүн төрөлхтөний амьд оршихуйн учрыг, ер нь хүний амьдралд тохиолддог
баяр хөөр, гуниг гутрал, дотоод сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг харуулж
чадсанаараа гайхалтай бөгөөд үүгээрээ ч Солонгосын эртний уран зохиолын ноён
оргилын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.
“Сүгхян авхайн дууль” зохиол нь солонгос ард түмний дунд
өргөн дэлгэрсэн бөгөөд одоогоор ер орчим хувилбар олдоод байна. Ийнхүү олон
хувилбартай байгаа нь уг бүтээлийн цар хүрээг гэрчлэх буй за. Солонгос үсгээр
төдийгүй ханз бичмэл хувилбар хэдэн арав байгаагаас үзвэл, уг зохиол ханз
бичигт гаргууд сайн язгууртнуудын дунд ч хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл байжээ
гэдэг нь тодорхой. Үүнд үндэслэн, “Уг зохиол нь нийтийн дунд нэн түгсэн бүтээл
байжээ” гэж дүгнэн хэлж болно.
Өнөө үед Табгол
цэцэрлэгт хүрээлэн зэрэг газраас л үлгэрчийг олж харах болсон байна. Гэхдээ эрт
цагт ийм үлгэрч нар олон байсан бололтой. Тэдний төлөөлөл нь Чөньгисү (элдэв
сонин хачин үлгэр хууч ярих настан) юм.
Хүний хөл
хөдөлгөөн ихтэй Чонно мэтийн хүн зон ихтэй гудамжинд хүмүүсийг уриалан дуудаж,
тодорхой шан харамжтайгаар үлгэр домог хуучилдаг байжээ. Зарим баримтаас
үзэхэд, ихэнхдээ тодорхой нэгэн хугацааг товлон авч Чонно гудамжнаас эхэлж
Чөнгежөньбйөнийг хөндлөн гулд хэрэн явж, жүжиглэн ярьдаг байсан бөгөөд ид өрнөл
хэсэгт ярихаа зогсооход бүчин буй хүмүүс үргэжлүүлэн сонсохын тулд үлгэрчид
мөнгө шидэн өгдөг байжээ.
Энэ мэтчилэн
үлгэр домог хуучлах нь тухайн үед амьжиргааны нэг хэлбэр байлаа. Шан харамж
сайн авахын тулд чадварлаг жүжиглэн хүүрнэхийн зэрэгцээ ардын туульсийн арвин
баялаг сан хөмрөгтэй байх шаардлагатай байв.
“Сүгхян авхайн дууль” зохиол нь “Со Дэсөний домог”, “Шим Чөний домог” зэрэг бүтээлүүдийн адил үлгэрчидийн нэн
түрүүнд урдаа барьдаг зохиол байжээ. Үүнээс харахад бичиг үсэг тайлагдаагүй,
зав чөлөө хомсын улмаас уншиж чадаагүй хэн бүхний сонирхолыг татсан зохиол
байсан нь ойлгогдоно.
Уг зохиолыг япон хэлний орчуулагчид солонгос
үсэг сурах эх бичвэр болгон ашиглаж байсан тухай сурвалж бичигт дурдсан байдаг.
Өдгөө “Сүгхян авхайн дууль”-ийн хэд хэдэн хувилбар уламжлагдан
ирсэн нь Японы номын санд хадгалагдан буй бөгөөд солонгос үсгийн эх бичвэрийн
зэрэгцээ мөн япон үсгээр харшуулан
буулгасан байдаг. Энэ нь солонгос үсгийг “Сүгхян авхайн дууль” зохиолын эх бичвэрт тулгуурлан сурч
байсны илрэл юм.
Судалгаанаас
харахад, япон хэлний орчуулагч нар “Сүгхян
авхайн дууль” зохиолыг солонгос үсэг сурах үндсэн бичвэр болгон
сонгосон шалтгааныг хэд хэдэн зүйлээр тайлбарлаж байгаа бөгөөд, юу юунаас
илүүтэйгээр “Сүгхян авхайн дууль” зохиол нь цэвэр солонгос илэрхийлэл ихтэй учир солонгос үсгийн өөр
бусад эх зохиолоос онцгой хэмээн үзсэн
байдаг.
Юутай ч, “Сүгхян авхайн дууль” нь тухайн үедээ хилийн чанадад хүртэл танигдсан
бүтээл болж байжээ.
“Сүгхян авхайн дууль”-ийг огт уншиж байгаагүй хүмүүс ч гэсэн
‘Сүгхян’, ‘И Сөнь’ гэх нэрийг андахгүй сайн мэддэг. Учир нь “Сүгхян авхайн дууль” зохиолоос гадна
Солонгосын ард түмний талархал хүлээсэн бүтээл болох “Чүньхян бүсгүйн домог”, “Шим Чөний домог”, “Понсань багт бүжиг хийгээд Сасөл
Шижугийн хувилбар”-уудад үргэлж дурдагдаж байдаг онцлогтой. Ялангуяа аливаа
нэгэн зохиолын баатарт зовлон тохиолдох, эсвэл амраг хосын хайр дурлалын тухай
өгүүлэх хэсэгт Сүгхян, И Сөнь нарыг дурдахгүй өнгөрнө гэж үгүй. Өөрөөр хэлбэл, “Сүгхян авхайн дууль” зохиолыг дурдахгүйгээр өөр бусад
зохиолыг тайлбарлах нь учир зүйн хувьд дутмаг, ойлгомжийн хувьд тааруухан болдог гэж ойлгож болно.
Тухайн үед
Солонгосын уран зохиолыг дэлгэрүүлэн түгээгч нарт ‘ээдрээт хувь тавилан’ гэвэл
Сүгхян авхай, ‘бэрхшээлийг даван туулсан хайр’ гэвэл Сүгхян, И Сөнь нарын түүх
эрхгүй санаанд нь буудаг байжээ.
Нэгэн өдөр Сүгхян авхайн эцэг Ким Жөнь загасчинд
баригдсан яст мэлхийг суллаж, хожмоо тэрхүү яст мэлхийн ачаар амь аврагдаж
буйгаар уг зохиол эхэлдэг. Дээрх өгүүлэмж нь зохиолын эхлэлээс төгсгөл хүртэл
гол учиг болж өгдөг. Өөрөөр хэлбэл, ‘ач тус хүргэх-ач хариулах’ гэсэн холбоос
нь өгүүлэгдэхүүний ерөнхий бүдүүвч болж өгдөг. “Сүгхян авхайн дууль”-д Ким Жөнь, яст мэлхий хоёрын
харилцаанаас гадна Сүгхян ба яст мэлхий, Сүгхян ба хулгайч мөн өөр бусад
амьтадтай харицах харилцаанд ч ‘ач тус хүргэх-ач хариулах’ бүтэц гол агуулга
болж өгдөг. Иймээс “Сүгхян
авхайн дууль” нь уншигч нарт ‘ач хүргэх, ач хариулах’ үеийн бахдал,
бахархалыг бодитойгоор мэдрүүлж буй
зохиол юм.
Түүнчлэн хүний
амьдралын бүхий л үе шат (төрөх, нас биенд хүрэх, гэрлэх, үхэх)-ыг тусгаж өгсөн
бүтэц нь “Сүгхян авхайн дууль” зохиолын бас
нэгэн онцлог. Гэхдээ үүнээс илүүтэйгээр гол дүрийн залуу хосын амьдрал,
тэдгээрт тохиолдох үйл явдал уншигч олныг урхигдан татах гол хүчин зүйл гэж
хэлж болно.
Дайны уршгаар гэр
бүлээсээ хагацсанаар Сүгхян авхайн зовлонт дууль эхэлдэг. Сүгхян таван
настайдаа дайны хөлд нэрвэгдэн гэр бүлийнхнээсээ хагацаж зовлон бэрхшээлд
унадаг. Энэ үйл явцыг уг зохиолд тод томруун дүрсэлсэн байдаг нь уншигчидад гүн
гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Ер нь сонгодог уран зохиолын гол баатрууд
эцэг эхээ алдан өнчрөх, дайны хөлд нэрвэгдэх гэхчлэн ямарваа нэгэн улс төрийн
шалтгаанаар амьдралынхаа эхэн үед заавал аливаа нэгэн зовлон бэрхшээлтэй
тулгардаг. Гэхдээ ихэнх зохиолд уг үйл явцыг нарийн тодорхой дүрслэлгүй өнгөц
дурдаад өнгөрсөн байдаг. Иймээс уншигчид ‘тэр тэр эцэг эхээс салж зовлонд
унажээ’ гэх төдий сэтгэгдэлтэй хоцордог. Харин Сүгхян авхайд тулгарсан зовлон
бэрхшээлийг зохиолд тод томруун дүрслэн өгүүлснээрээ уншигчид тухайн дүрслэл
үзэгдлээс дайны хүнд хүчир хийгээд элдэв саад бэрхшээлтэй тулгарах баатрын
зовлонт амьдралыг өөрийн биеэр мэдэрч буй мэт сэтгэгдэл авч чаддаг байна.
Бас нэг анхаарал
татам хэсэг бол Сүгхян авхайд дурласан И Сөнь хархүүгийн хайр сэтгэл юм. И Сөнь
зүүдэндээ өөрийнх нь заяаны хань Сүгхян болохыг олж мэддэг. Иймээс Ихважөнгийн
Маго эмгэнтэй уулзаж Сүгхян авхайн талаар сураг ажиг тавихад эмгэн түүнд Сүгхян
бол гар хөлгүй, сохор эрэмдэг зэрэмдэг нэгэн тул хайх хэрэггүй гэж худал
хэлдэг. Гэсэн хэдий ч И Сөнь Сүгхян бол миний заяаны хань, надаас болж тийм
байдалд орсон тул өрөөл татанхай нэгэн байх нь хамаагүй гэснээр Маго эмгэн
түүнд Сүгхян авхай энэ хүртэл яаж ирснийг нэгд нэгэнгүй ярьж, явсан мөрөөр нь
хайж олохыг зөвлөдөг. И Сөнь шууд Ким Жөний гэрт хүрч очин, тэндээсээ Ихважөнь
хүрэхдээ замдаа тулгарч буй үй олон бэрхшээлээс эмээлгүй Сүгхян авхайг хайн
үнэнч сэтгэлээ харуулдаг. И Сөнь бол хайртынхаа төлөө бүхнээ зориулж чадах
төдийгүй хайр, хариуцлагаа бүрэн ухамсарласан нэгэн. И Сөнь ямар ч нөхцөл
болзолыг үл хайхран зөвхөн Сүгхян авхайг гэсэн чин сэтгэлийн угаас итгэл, хайр
өвөрлөн бүх зүйлээ зориулдаг.
Ер нь сонгодог
уран зохиолд гол дүрийн гарамгай сайхан баатар эрийн дүр түгээмэл байдаг.
Тухайлбал “Күүньмон”-гийн Ян Союү, “Огрүмон”-гийн Ян Чангогийг дурдаж болно.
Гэвч орчуулагч миний бие хэн бүгдээс илүү И Сөнийг жинхэнэ “Эр хүн” гэж боддог.
Сүгхян, И Сөнь
хоёрын хайр дурлал, гэрлэлтэнд саад тотгор мундсангүй. Жишээлэхэд л, тэдний
өссөн орчин адилгүй. Сүгхян бол Ихважөнь хэмээх уушийн газарт толгой хорогдон
өссөн өнчин өрөөсөн нэгэн. Харин И Сөнь болбол агуу эрх мэдлийг гартаа атгсан И
Сансөгийн хүү. Тиймдээ ч И Сансө тэдний хайр дурлалыг хүлээн зөвшөөрдөггүй.
Эцэст нь Сүгхян хоригдоход хүрч, И Сөнь төрсөн нутгаа орхин явахад хүрдэг.
Гэсэн хэдий ч тэдний хувь тавилан шалгуурыг даван туулж, бусдаас онцгой нэгэн
болох Сүгхян авхайн ачаар тэдний хайр аз жаргалтайгаар төгсдөг.
Үүнээс гадна
Сүгхянь авхай хуурай эцэг эх болох Чан сайд болон түүний гэргий, төрсөн эцэг эх
болох Ким Жөнь гэр бүлийн хоёртой дахин уулзах үзэгдэл үнэхээр сэтгэл хөдөлгөм
байдаг. Мөн Хван Тэхүгийн өвчинг эдгээхийн тулд мөнхийн шидэт үрлийг хайн нөгөө
ертөнц рүү явж буй баатарлаг өгүүлэмж ч гэсэн уншигчдын сонирхолыг машид
татдаг.
Энэхүү номонд
Сүгхян авхайд тулгарсан элдэв бэрхшээл, Сүгхяныг гэх И Сөний чин үнэнч хайр,
тэдэнд учирсан саад тотгор, түүнийг хэрхэн даван туулсан тухай, мөн Сүгхян
авхай хуурай болон төрсөн эцэг эхтэйгээ уулзсан хийгээд И Сөнь нөгөө ертөнцөд
зорчсон нь зэрэг “Сүгхян авхайн дууль” зохиолын сор
болсон хэсгийг түүвэрлэн нийтэллээ. Өөрөөр хэлбэл “Сүгхян авхайн дууль” зохиолын
хамгийн гол хэсэгт дүгнэгддэг агуулгыг сонгон авсан болно. Энэ нь бүрэн эх
зохиолын тэн хагастай тэнцэнэ.
Өнөөдрийн
байдлаар “Сүгхян авхайн дууль” зохиол нь гол
хувилбарын эх бичмэлийг хуулбарлан тэмдэглэсэн, гол хувилбарын эх бичмэлийг
орчин үеийн хэл рүү хөрвүүлэн эх бичмэлийг гол хэсэгт нэмэлт тайлбар хийсэн, эх
бичмэлийг орчин үеийн хэлээр бүрэн тайлбарлан хөрвүүлсэн гэх мэт хэлбэрээр олон
нийтийн хүртээл болоод байна. Бүгд л өөр өөрийн гэсэн сайн муу талтай.
Тухайлбал, орчин үеийн хэл рүү бүрэн гүйцэд хөрвүүлсэн зохиолыг уншиж ойлгоход
хялбар дөхөм хэдий ч сонгодог уран зохиолын амтыг огт мэдэрч чадахгүй байх
жишээтэй. Мөн орчин үеийн хэлээр хөрвүүлэн эх бичвэрт тайлбар зүүлт хийх нь
уншиж ойлгоход амар хялбар болгох хэдий ч хэт зузаан дэндүү эрдэм шинжилгээний
тал руу хэлбийж болох тул энгийн уншигч нарт хэцүү санагдаж болно.
Харин энэ номны
тухайд гэвэл бүрэн эхийн нэгээхэн хэсгийг толилуулж буй нь дутагдалтай тал
хэдий ч эх зохиолын амтыг хадгалахын зэрэгцээ гол гол хэсгийг ойлгоход түлхэц
болохуйцаар нэмэлт тайлбар хийсэн нь уншигчдад уншиж, ухаарахад нь хялбар дөхөм
болсон гэж найдаж байна. Хожмоо зохиолыг бүрэн эхээр нь уншиж танилцахад уг ном
танд хөтөч болох буй за.
Comments
Post a Comment